Нигерид “Боко харам”-ын 57 байлдагчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-11 09:57:45

МОСКВА. /TASS/. Нигерийн аюулаас хамгаалах хүчнийхэн лалын хэт даврагчдын “Боко харам” бүлэглэлийн 57 зэвсэгт этгээдийг устгажээ. Энэ тухай даваа гарагт “Reuters” агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, “Боко харам” бүлэглэлийн гишүүдийг устгах ажиллагаа Нигери улсын зүүн өмнөд хэсгийн Дифф хотоос холгүй орших тосгон руу тус бүлэглэлийнхэн халдсаны дараа эхэлжээ. Халдлагын улмаас 15 цэрэг, хоёр энгийн иргэн амиа алдсан байна.

“Боко харам” /хаус хэлнээс орчуулбал: Барууны үүсэл бол нүгэл гэсэн утгатай үг/ нь лалын бүлэглэл бөгөөд түүний зорилго нь барууны амьдралын хэв маягийг устгах, лалын халифатыг байгуулах, шариатыг /лалын хууль ёс/ тогтоох явдал юм. 2015 оны 3 дугаар сард “Боко харам” бүлэглэл “Лалын улс” террорист байгууллагад үнэнч байхаа батлан тангараглажээ.

2009 оноос хойш “Боко харам”-ынхан Чад нуурын сав газрын орнуудад наад зах нь 20 мянган хүний амийг хөнөөсөн бол 2,6 сая орчим хүн нутгаасаа дүрвэн дайжжээ. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, хэт даврагчид хэдэн арван мянган хүн, тэдний дотор 10 мянган өсвөр насны хүүхдүүд, олон мянган эмэгтэйчүүдийг хулгайлжээ. Тус бүлэглэлийн байлдагчид олзолсон хүмүүсээ амиа золиослогч-террорист болгон ашиглах нь олонтоо байдаг.

О.Барс

 

Холбоотой мэдээ