“Байгальд ээлтэй эмэгтэйчүүд” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-10 17:12:08

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эмэгтэйчүүдийн ТББ-уудын албан бус сүлжээнээс “Байгальд ээлтэй эмэгтэйчүүд” дэд төслийг МОНЕС-гийн дэмжлэгээр хэрэгжүүлж байна.

Төсөл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн гэр хорооллын  орчны  эрүүл ахуйн өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийх, мөн өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хүүхдийн бүлэг байгуулан хашаан доторх эрүүл ахуйн стандартын тухай мэдээллийн талаар ойлголттой болж бусдад сурталчлах, байгальтай зөв харьцах дадал хэвшил олгох зорилготой юм.  

Судалгаанд Эрдэнэбулган сумын 2-р багийн 436 өрх хамрагдсан байна. 2-р багийн иргэдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд айл өрхүүд хашаандаа 1-4 удаа нүхэн жорлон ухаж ашигласан, дүүрсэн тохиолдолд шороогоор булж, хөрсийг нөхөн сэргээх ажил хийдэггүй, талбайг нь ашигладаггүй, ихэнх айл өрх нүхэн жорлон муу усны цооногтоо халдваргүйжүүлэлт, ариутгал, суллалт хийдэггүй зэрэг хангалтгүй дүгнэлт гарчээ.

Гэр хорооллын орчны хөрс бохирдоход хамгийн их  нөлөөлж буй зүйлээр  иргэдийн буруу зуршил, стандартын бус нүхэн жорлон, муу усны цооног, иргэдийн эрүүл ахуйн ойлголт, мэдлэг чадвар  хангалтгүй байгаатай холбон үзжээ.

Байгальд ээлтэй төслийн баг судалгааны үр дүнг дүгнэж үзээд иргэд, албан байгууллагад зөвлөмж, саналыг гаргаж хүргүүлсэн байна.

Б.Гэрэлт-Од

 

Холбоотой мэдээ