Хүний үсээр өвчнийг оношлох шинэ аргыг Томскийн эрдэмтэд нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-04-10 14:34:54

ТОМСК. /TASS/. ОХУ-ын Томскийн улсын их сургуулийн эрдэмтэд хүний үсийг шинжлэх химийн шинжилгээний шинэ аргыг нээсэн ба энэ арга нь хүний эрүүл мэндийн төлөв байдал, өвчлөх магадлалын талаарх мэдээллийг өгдөг байна. Энэ тухай даваа гарагт тус их сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ.

“Хүний үсийг шинжлэх спектр анализын энэхүү арга нь хүний бие махбодийн амин чухал бичил элементүүдийн агууламжийг /концентрац/ тодорхойлох боломжийг олгож байгаа юм. Эдгээр бичил элементүүдийн тэнцвэр алдагдах нь удаан хугацааны туршид далд хэлбэртэй явагддаг янз бүрийн өвчнийг үүсгэдэг. Бичил элементийн шинжилгээ нь ноцтой өвчнүүдийг илрүүлэхэд тустай төдийгүй тааламжтай нөхцөл бүрдсэн тохиолдолд дээрх төрлийн өвчнүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжийг олгох юм. Энэ аргыг ашиглан нэгэн зэрэг 30 химийн элементийн агууламжийг тодорхойлох боломжтой ” гэж Томскийн улсын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Отмахов тайлбарлан ярьж байна.

Энэ шинэ технологийн үндэс нь атом-эмиссийн нумт спектрометрийн арга бөгөөд урьд өмнө нь хүний үсийг өндөр үнэтэй урвалжийн тусламжтайгаар шинжилдэг байсан бол одоо химичид сорьцыг шатаасны дараа үнсийг нь шинжилдэг боллоо. Ихэнх тохиолдолд шинжлэх гэж буй сорьцыг эхлээд шингэн уусмал болгон хувиргах ба дараа нь үнэтэй урвалж ашиглан түүний найрлагыг нь шинжилдэг. Харин энэ шинэ аргыг ашиглахдаа, биосубстратыг /суурь бодис/ тусгай камерт цельсийн 400-450 хэмд шатаасны дараа үсний үнсийг нь шинжилдэг ажээ.

Энэхүү арга нь үр дүнтэй гэдгээ аль хэдийн харуулаад байна. Зүрхний судасны бөглөрлөөс үүдсэн цус харвалттай өвчтөнүүдийн үсэнд шинжилгээ хийж, элементүүдийн найрлагад гарсан өөрчлөлтүүд тухайлбал, кадми, хар тугалга зэрэг хортой элементүүдийн агууламж нэмэгдэж байгаа болон цайрын агууламж буурч байгаа зэргийг тогтоож чаджээ.

Томскийн химичдийн нээсэн аргыг аттестатчилж, улмаар хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангахын тулд Холбооны мэдээллийн санд оруулсан байна. 

О.Барс

 

Холбоотой мэдээ