Ширэнгээс олдсон охин сармагчингуудтай хамт амьдарч байсан гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-04-10 14:01:15

ШИНЭ ДЕЛИ. /theguardian/. Сармагчингууд өсгөсөн гэж үзэж байсан хойд Энэтхэгийн ойгоос олдсон охины түүх өөрөөр эргэж байна. Катарниагат гэдэг дархан цаазат газрын байгаль хамгаалагчид 1 дүгээр сард 8 настай, нүцгэн, дөрвөн мөчөөрөө мөлхөж явдаг охиныг олсон бөгөөд түүнийг сармагчингуудтай хамт хэдэн жил амьдарч байсан гэж үзэж байсан юм.

Дурга гэдэг нэртэй болсон энэ охин биеийн болон сэтгэхүйн хөгжлийн бэрхшээлтэй байжээ. Охины бие богино хугацаанд сайжирч байгаа нь түүнийг харгалзан хамгаалж байсан хүмүүс бөглүү газарт хаяж яваад удаагүй болохыг илтгэж байна гэж  эмч нар ярилаа.

Мужийн тусгай хамгаалалттай газрын даргын хэлснээр “үнэндээ бол охиныг ойн ойролцоох замын хажуугаас олсон, эргэн тойрон сармагчин байсан гэхдээ сармагчингуудтай хамт амьдарч байсан бол хэзээ ч түүнийг олохгүй байсан” гэжээ.

Мөн тэрбээр цааш нь ярихдаа “охины гэр бүлийн хүмүүс охиныг ярьж чадахгүй гэдгийг мэдэж байсан учраас ойн дэргэдэх зам дээр орхисон байх. Хэрэв тэр сармагчингуудтай хамт амьдарч байсан бол ердөө л хэдхэн хоног болсон байх гэж би бодож байна” гэв.

“Энэтхэгт охин хүүхдийг төдийлөн таашаадаггүй бөгөөд сэтгэцийн хувьд эрүүл бус байгаа нь түүнийг хаясан гэдгийг нотолж байна” гэж охиныг эмчилж байгаа Бахрайч дүүргийн эмнэлгийн дарга ярьсан байна.   

Охины биеийг тэнхрүүлэн сайжруулахын тулд түүнийг хүүхдийн асрамжийн газарт хүргээд байгаа аж.  

Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ