“Turkish Airlines”-ын нисэх багийнхан нислэгийн үеэр хүүхэд эх барьж авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-04-10 10:12:53

АНКАРА. /ВВС/. Туркийн иргэний агаарын тээврийн “Turkish Airlines” компанийн нисэх багийн гишүүд 12800 м-ийн өндөрт нэгэн шинэ зорчигчоо хүлээн авчээ.

Гвинейн нийслэл Конакри хотоос Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотоор дамжин Истанбул орох чиглэлийн онгоц хөөрсний дараахан хөл хүндтэй нэгэн эмэгтэй өвдөж эхлэхэд нисэх багийн гишүүд болон зорчигчид бяцхан охиныг эх барьж авсан гэнэ.

“Боинг-737” нисэх онгоц Буркина-Фасогийн нийслэлд газардаад, эх, хүүхэд хоёрыг эмнэлэгт хүргэсэн байна. Ээж, охин хоёрын бие сайн байгаа аж.

“Turkish Airlines” компанийн мэдэгдэлд “жирэмсний 28 долоо хоногтой Нафи Диаби гэдэг зорчигч эмэгтэй өвдөж байгааг нисэх багийн гишүүд мэдээд, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, хүүхдийг эсэн мэнд өлгийдөн авсан” гэжээ.

Иргэний агаарын тээврийн ихэнх компаниуд 36 хүртэлх долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдийг онгоцонд суухыг зөвшөөрдөг ч 28-аас дээш долоо хоногтой болсон тохиолдолд төрөх хугацааг нь магадласан эмчийн гарын үсэгтэй бичиг авчрахыг шаарддаг байна.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ