“Өсвөр үеийн клиник”-ийн үйл ажиллагаатай танилцав

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 18:08:23

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар аймгийн Эрүүл Мэндийн газрын  дэргэдэх “Хүүхэд өсвөр үеийн клиник” эмнэлгийн ажилтай танилцав.

Тус аймгийн ИТХ-аас 2015 оныг ”Өсвөр үе, Залуучуудыг дэмжих жил ” болгон зарласан. Уг зорилтын хүрээнд аймгийн ЭМГ-ын дэргэд энэ оны эхэнд өсвөр үеийн клиникийг байгуулжээ. Тус клиникийг “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө 1,8 сая төгрөгөөр тохижуулж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд өсвөр үеийн эмчийг дагнуулж  ажиллууснаар өсвөр үе, залуучуудыг бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүрт зөв дадал зуршлыг төлөвшүүлэх талаар тодорхой ажлуудыг хийжээ.

Шилжилтийн насны хүүхдүүд эцэг, эхээсээ зөвлөгөө авахаас илүү тус кабинетийг зорьж эмчээс зөвлөгөө авдаг аж. “Цаашид эрүүл мэндийн хичээлээр дамжуулж ЕБС-ийн сурагчдад зөвлөмж өгөх, уг хичээлийг сонирхолтой хэлбэрээр явуулахад анхаарч гарын авлага танилцуулга бэлтгэж тараахаар төлөвлөн ажиллаж байна” гэж эмч Д,Бүрэнжаргал хэлэв.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ