Генийн эмчилгээний шинэ аргаар Альцгеймерийн өвчнийг анагаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-04-05 16:35:11

ЛОНДОН. /TASS/. Генийн эмчилгээний шинэ арга нь Альцгеймерийн өвчин зэрэг мэдрэлийн гаралтай ноцтой өвчнүүдийг эмчлэхэд эмч нарт тусална. Энэ тухай “Times”  сонинд бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт Лондонд болж өнгөрсөн мэдрэлийн эмч нарын бага хурал хурлын үеэр, энэ төрлийн эмчилгээ нь арай бага тархацтай Паркинсоны өвчин /салгалах/, Хантингтоны өвчнийг /тэнцвэрээ алдах эмгэг/ эмчлэхэд тустай гэдгийг онцлон тэмдэглэжээ. Генийн эмчилгээний тусламжтайгаар эрдэмтэд Альцгеймерийн өвчнийг эмчлээд зогсохгүй уг өвчин үүсэхээс сэргийлж чадна гэж үзэж байгаа аж.

Энэхүү инновацийн аргын зарчим нь гэвэл, эмгэг өөрчлөлтөнд хамгийн их өртөмтгий тархины зарим хэсэгт эрүүл генийн хуулбарыг тээгч вирусын биетүүдийг оруулдаг. Дараа нь уг вирус тархины эсүүдэд генетикийн шинэ кодыг хүргэснээр тухайн эсүүдийн үйл ажиллагаа нь хортой уургийн синтезийн урвалыг зогсоодог байна. Хортой уураг хуримтлагдах нь Альцгеймерийн өвчнийг үүсгэдэг билээ.

“Бид эхлэл шатандаа байсан бол харин одоо бид энэ аргыг практикт хэрэглэх боломжтой боллоо. Тархинд генүүдийг хүргэхэд жижигхэн вирусүүдийг ашиглаж чадсандаа бид ихэд урам зоригтой байна. Эдгээр вирусүүд нь мөн тархин дахь тодорхой генүүдийг “салган унтраах” чадвартай” гэж биотехнологийн “Voyager Therapeutics” компанийн захирал Стивен Пол тодруулан ярьжээ.

Бид “одоогийн байгаа загваруудаас гематоэнцефалик саадыг даван гарах чадвараараа 100 эсвэл 200 дахин илүү сайн капсидуудтай /вирусын уураган бүрхэвч/ болсон. Энэ бол гайхалтай том амжилт” гэж тэрбээр дүгнэн хэллээ.

Лондоны Эзэнт гүрний коллежийн хэсэг эрдэмтэд өмнө нь генийн эмчилгээг хулгана дээр амжилттай туршсан тухайгаа мэдээлж байсан юм. Туршилтын хулгануудын тархинд нь вирусын тусламжтайгаар уг өвчнийг эдгээх тусгай генийг хүргэсэн байна.

Альцгеймерийн өвчин нь тархины эсүүд үхжсэний улмаас сэтгэцийн болон үйл ажиллагааны хүнд хямралд хүргэдэг ажээ. Энэ өвчин нь 65-аас дээш насны хүмүүст голдуу тохиолддог байна. Уг өвчин оношлогдсоноос хойш өвчтний цаашид наслах дундаж хугацаа нь 7-10 жил байдаг аж.

О.Барс

Холбоотой мэдээ