Завханыхан алба хааж буй цэрэг эрсээ эргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-03 23:06:31

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг хөрш зэргэлдээ аймгуудад алба хааж буй цэрэг эрсээ эргэжээ.

Тус аймаг цэрэг эрсээ жил бүр эргэдэг уламжлалтай бөгөөд энэ үеэр цэрэг дайчиддаа гэр бүлийнхнийх нь мэндийг хүргэж аймаг орон нутгийнхаа шинэ содон мэдээллийг хүргэдэг билээ. Энэ жил Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123, Баян-Өлгий аймагт байрлах Зэвсэгт хүчний 340, Увс аймагт байрлах Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн зургаан заставт ажиллаж, цэргийн алба хааж буй 250 цэрэг дайчдаа эргэлээ. Мөн аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг цэрэг эрсийнхээ санал хүсэлтийг сонсч, ахуй нөхцөл, сургалт бэлтгэлийн явцтай нь танилцсанаас гадна аймгийнхаа Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг үзүүлжээ. Эргэлтийн үеэр цэрэг эрс ар гэрээсээ ирсэн илгээмж захидлыг хүлээн авч аймгийн Засаг даргын гарын бэлгийг чин сэтгэлийн урмын үгтэй хамт хүлээн авдаг байна.

Завханы Засаг дарга анги, заставт хандив өргөлөө

Завхан аймгийн цэрэг дайчид албаа хаах өндөр сэтгэл зүйтэй байгаагаас гадна хил хамгаалах үйл ажиллагаанд нэр төртэй оролцож байгаа ажээ.

Түүнчлэн цэргийн эрдэмд суралцах нөхцөл бололцоогоор бүрэн дүүрэн хангагдаж байгааг ангийн удирдлагууд ярьжээ. Энэхүү цэрэг эргэх үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдагт нь цэрэг дайчид төдийгүй анги байгууллагын удирдлагууд ихээхэн сайшаажээ. Цаг агаарын хүнд нөхцөлд бэрхшээл саадыг үл харгалзан, эх орны торгон хилд үүргээ гүйцэтгэж буй нутгийн хүүгээ эргэж буй үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахыг орон нутгийн удирдлагуудаас хүсч гүнээ талархаж буйгаа илэрхийлжээ.  Харин Завханы Засаг даргын зүгээс анги салбарын бүтээн байгуулалт, цэргийн албан хаагчдын алба хаах орчин нөхцөлийг сайжруулах талаар хийж байгаа ажилд дэмжлэг болгон ангид 300,000, заставт 100,000 төгрөгийг тус бүр хандивлажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ