Төлчин хүүхдүүд мал маллах арга ухаанд суралцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-31 20:27:28

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хэрэгжих "Хүүхэд-хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийг "Төлчин хүүхэд" арга хэмжээгээр эхлүүллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь  уламжлалт зан үйл, үнэт өв соёл болсон нүүдлийн мал аж ахуй, малчдын мал маллагааны арга ухаан, малчин хүний хөдөлмөрийн онцлог, амьдралын дадал хэвшлийг хүүхэд, залуучуудад таниулах, тэднийг хөдөлмөрт сургах зорилготой байсан юм. Аймгийн хэмжээнд 42 хүүхдийг хөдөө малчин өрхийнд тав хонуулан өнөөдөр авч ирлээ. Тэд төл бойжуулахад туслалцан, хөдөөний амьдралд суралцан, малчдын хөдөлмөрт тусласан байна.

Аймгийн төв Даланзадгад сумын тавдугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч н.Цэрэндулам ярихдаа "Би мал уяхад алдуурдаггүй, чангардаггүй тоон туших гэж уяа сурсан. Анх ирэхдээ хэцүү л байх гэж бодсон. Надад таван хошуу малаас тэмээ илүү сайхан амьтан шиг санагдсан" гэлээ. Мөн Эрдмийн гэгээ сургуулийн есдүгээр ангийн сурагч н.Энхмаа "Малтай айлд ингэж бие даан амьдарч үзээгүй ээ. Надад сайхан санагдлаа, мал маллавал чадах юм шиг байна. Том хүнгүй байхдаа ч тормоо ялгаад хашиж чадсан. Айлын ах мал маллах аргад нэлээн зааж өгсөн" гэж хэлсэн юм. Зарим хүүхдүүд малчид өрхийндөө зуныхаа амралтаар очиж амарна гэж байсан юм. Харин малчдын хувьд Ханхонгор сумын Өгөөмөр багийн мянгат малчин н.Дамдинсүрэн "Тухайн арга хэмжээг арай илүү олон хоногоор зохион байгуулсан бол хүүхдүүд нэлээн их зүйлийг сурах байлаа. Хэдийгээр төвийн хүүхдүүд ч гэсэн малд хурдан дасаж бас нүдлэж чадаж байна" гэсэн юм.

Энэхүү арга хэмжээ нь хэдийгээр хүүхдүүдээ малч ухаанд сургахаас гадна хаврын мал төллөх цагаар малчдаа дэмжсэн орон нутгийн нэг бодлого байлаа.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ