Аргентинд марихуаныг эмчилгээний зорилгоор ашиглахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-03-30 13:36:21

БУЭНОС-АЙРЕС. /ТАСС/. Өчигдөр Аргентин улсын Сенат марихуаныг эмчилгээний зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн хуулийг баталлаа.

Хуулийг батлахыг хуралдаанд оролцсон Сенатын бүх 58 гишүүн дэмжсэн байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард уг хуулийн төслийг тус улсын Төлөөлөгчдийн танхим сайшаан баталжээ. Одоо уг хуулийг гарын үсэг зуруулахаар Ерөнхийлөгчид өргөн бариад байна.

Уг хуулиар татаж унах өвчин, архаг өвдөлт, фибромиалги зэрэг хэд хэдэн өвчнийг эмчлэх зорилгоор марихуаны тосыг хэрэглэх, биедээ авч явахыг зөвшөөрчээ. Түүнээс гадна тус улсын Эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн газарт уг бэлдмэлийг импортолж, өвчтөнүүдэд үнэгүй олгох эрхийг олгож байна. Мөн марихуан болон түүнээс гаргаж авсан бүтээгдэхүүнийг судалгаа шинжилгээний зорилгоор ашиглахыг зөвшөөрчээ.

Хэдийгээр хууль батлагдсан боловч марихуаныг хувийн зорилгоор тарьж ургуулахыг хориглосон хэвээр байна. Үүнийг зөрчсөн тохиолдолд  4-15 жилийн хорих ялаар шийтгэдэг ажээ.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ