Аляскийг АНУ-д нэгтгэсний 150 жилийн ойг тэмдэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-03-30 13:28:41

ВАШИНГТОН./TACC/. 1867 оны 3 дугаар сарын 30-ны өдөр АНУ Аляскийн хойгийг Оросоос худалдаж авах гэрээ байгуулсны 150 жилийн ойг тохиолдуулан тус улсын Вашингтон болон Аляск муж улсын хотуудад соёл урлагийн арга хэмжээнүүд болж байна. Уг түүхэн үйл явдлыг тэмдэглэх хүрээнд үзэсгэлэн нээгдэж, лекц болон тоглолт зохион байгуулах аж.

Вашингтон хотод хууль тогтоогчид болон засгийн газрын төлөөлөгчид оролцсон хүлээн авалтуудыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, АНУ-ын Үндэсний хэвлэлийн клубт Аляск муж улсын захиргааны гишүүд, тус муж улсаас Конгресст сонгогдсон гишүүд оролцсон өглөөний зоог барих юм байна. Үүнээс гадна тус улсын Төрийн Департамент 150 жилийн ойд зориулж хаалттай хүлээн авалт хийнэ.

Аляскийг нэгтгэсний баярыг тус муж улсын оршин суугчид жилд хоёр удаа тэмдэглэдэг аж. Орон нутгийн эрх баригчид Сьюардын өдрийг тохиолдуулан жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн даваа гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор шийдвэрлэжээ. Харин 1917 оноос эхлэн 10 дугаар сарын 18-ныг Аляскийн өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр  болгон тэмдэглэх болжээ.

Түүхэн хэлэлцээр

Аляскийн хойг нь Оросын эзэнт гүрний эзэмшилд 135 жилийн турш байжээ. Тус бүс нутгийг 1732 онд Михаил Гвоздев, Иван Федоров нарын удирдсан экспедици олж нээсэн бөгөөд 1799 оноос Григорий Шелихов ба Николай Резанов нарын байгуулсан Орос-Америкийн хамтарсан худалдааны компанийн мэдэлд байжээ. 1799 онд байгуулагдсан Ново-Архангельск буюу одоогийн АНУ-ын Ситка хот нь тухайн үед үслэг эдлэлийн худалдаа, экспортын төв байжээ.

Аляскийг худалдах тухай хэлэлцээрт Оросын элчин сайд Эдуард фон Стекль болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уильям Сьюард нар 1867 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зуржээ. Мөн оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ново-Архангельск /Ситка/ хотод Аляскийн хойгийг АНУ-д шилжүүлэн өгөх албан ёсны ёслолын ажиллагаа болсон юм. 1,5 сая хав.дөр.км талбайтай уг газар нутгийг АНУ-ын эрх баригчид 7,2 сая доллартай тэнцэх алтаар худалдан авч байжээ.

Аляск бол нутаг дэвсгэрийн хувьд АНУ-ын хамгийн том муж улс юм. Харин нэг хав.дөр.км-т 0,4 хүн ногддог бөгөөд 1,7 сая хав.дөр. км газар нутагтай тус мужид 740 мянга орчим хүн амьдардгаас 10 хувь нь үнэн алдартны шашинтнууд ажээ. 

Б.Мишээл

 

 

 

 

Холбоотой мэдээ