АНУ-БНХАУ-ын Дээд хэмжээний уулзалт ирэх сарын эхээр болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-30 10:26:44

ВАШИНГТОН./NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар ирэх долоо хоногт Флорида муж улсад анх удаа Дээд хэмжээний уулзалтаа хийхээр болсон тухай эх сурвалжууд мэдээллээ.

Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 6-7-нд Флоридад Д.Трампын “Мар-а-Лаго” амралтын газарт уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Уг амралтын газарт Д.Трамп энэ оны хоёрдугаар сард Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй хэлэлцээ хийсэн билээ.

АНУ-Хятадын Дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп Умард Солонгосын асуудлыг онцлон авч хэлэлцэх төлөвтэй байна. Умард Солонгос удаа дараалан баллистик пуужин харвасаар байгаагийн зэрэгцээ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийхээр зэхэж байж байгаа бололтой.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудад үндэслэн Пхеньяны эсрэг хориг арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлэхийг Умард Солонгостой түүхийн хувьд болон эдийн засгийн нягт харилцаатай Хятад улсад хандан Д.Трамп уриалах бололтой.

Мөн худалдаа болон валютын ханшийн асуудлыг Д.Трамп, Си Зиньпин нар авч хэлэлцэх төлөвтэй байна. Д.Трамп “АНУ-д ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-тай хийж буй худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах хэрэгтэй” гэж үзэж байгаа юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ