Улаангом сумын ЗДТГ-ын байрны дээврээс дусаал гоожиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-29 22:11:58

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-ын байрыг шинээр барих асуудлаар Улаангом сумын Онцгой комисс өчигдөр хуралдлаа.

Учир нь ашиглалтын хугацаа дууссан уг барилгын дээврээс нь жил бүрийн хавар, намарт дусаал гоождог байна. Иймээс ирэх дөрвөн жилд багтаан шинээр байр барих шаардлагатай хэмээн сумын удирдлагууд үзэж байна. 1987 онд аж ахуйн зориулалтаар баригдсан уг барилгыг 2012 онд аймгийн МХГ-аас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Улаангом сумын ЗДТГ-ын хамт олон байрныхаа дээврийн хэсэгт жил бүр бага хэмжээний засварын ажлыг хийсээр ирсэн ч цас хайлмагц дусаал гоожиж эхэлдэг байна. Байрныхаа дээврийн цасыг буулгаад ч нэмэргүй, доороосоо цан цохидог аж. Одоогоор тус байрны хоёр давхарын өрөөнүүдэд дусаал гоожиж ажиллахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

“Улаангом сумын ЗДТГ-ын байрны ашиглалтын хугацаа дууссанаас гадна орчин нөхцлийн хувьд учир дутагдалтай. Тодруулбал, өрөө тасалгаанууд нь жижигхэн, нэг өрөөнд олуулаа ажилладаг бөгөөд иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй байдаг. Иймд ирэх 4 жилд багтаан Улаангом сумын ЗДТГ-ын байрыг шинээр барих шаардлагатай байна” хэмээн сумын ЗДТГ-ын дарга Б.Батбуян мэдээллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ