Дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архины татварыг тэнцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-22 11:40:11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Монгол, Япон Улс хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан. Энэхүү хэлэлцээрт Японы талаас импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийн архи, дарстай ижил хувь хэмжээгээр тогтоох шаардлага тавьсан. Тиймээс дотоодод үйлдвэрлэсэн архи, импортоор оруулж ирсэн архины татварыг 2900 төгрөг болгож тэнцүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Онцгой албан татварын татварыг Дотоодод үйлдвэрлэгдэж буй архины 2500 төгрөгийн татварыг 8000 төгрөг болгож өсгөх, Импортын архины 14500 төгрөгийн татварыг 8000 мянга болгон бууруулах санал гаргасан. Уг саналтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд, Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хуульд өөрчлөлт оруулж байна. Архи, тамхины хэрэглээг дэмжсэн зүйл байхгүй. Танд хууль санаачлах эрх байгаа тул та татварын хэмжээг нэмэгдүүлэх хууль санаачилж болно” гэсэн тайлбар хэлснээр Л.Эрдэнэчимэг гишүүн саналаа татаж авлаа.

Ийнхүү хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ