Герман дахь Ф.Гулленыг дэмжигчдийг тагнаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-29 12:25:31

БЕРЛИН./ВВС/. Манай улсад амьдарч байгаа туркчуудыг тагнахыг Туркийн талд зөвшөөрөхгүй гэж Германы Дотоод хэргийн сайд Томас Де Мейзьер мэдэгдлээ.

Сөрөг хүчнийг дэмжигчдийн нэрсийн жагсаалт, нууцаар авсан гэрэл зургууд болон хувийн мэдээллийг Туркийн Тагнуулын газрын дарга Германы холбогдох газрын тэргүүнд өгсөн гэсэн мэдээлэл саяхан гарсан юм.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг дэмжин жагсаал хийхийг Герман болон Европын Холбооны бусад улсын эрх баригчид хориглоод байгаа билээ.

Ерөнхийлөгчийн болон сайд нарын эрх мэдлийг өргөжүүлэх асуудлаар ирэх сарын 16-нд бүх нийтийн санал асуулга явуулах гэж байгаатай холбоотойгоор Туркийн сайд нар гадаад улс оронд амьдарч байгаа туркчуудын дэмжлэгийг олж авахыг оролдсоор байна.

Өнгөрсөн оны зургадугаар сард болсон төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэгдэж буй АНУ-д байгаа лалын шашны номлогч Фетулла Гуллентай холбоотой гэх үндэслэлээр Туркийн эрх баригчид 41 мянга орчим хүнийг баривчлаад байгаа аж.

Германы эх сурвалжуудын мэдээлснээр, Туркийн Тагнуулын газрын тэргүүн Хакан Фидан энэ оны хоёрдугаар сард Мюнхен хотод болсон аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын үеэр Германы Тагнуулын газрын тэргүүн Бруно Калль-д Ф.Гуллены хөдөлгөөнтэй холбоотой байж магадгүй 300 хүн болон 200 байгууллагын жагсаалтыг өгч, Туркийн албаны хүмүүст туслуулахын тулд Германы холбогдох хүмүүсийг ятгажээ.

Үүнтэй холбогдуулан дээрх жагсаалтад багтсан хүмүүсийг Турк руу болон Герман дахь Туркийн дипломат байгууллагуудад очихгүй байхыг Германы албаны хүмүүс анхааруулжээ. Туркэд болох бүх нийтийн санал асуулгад оролцох эрхтэй 1.4 сая турк хүн Германд амьдарч байна.

Германы Дотоод хэргийн сайд Де Мейзьер хэлэхдээ “ийм мэдээлэл гарсанд гайхаад байх юм алга. Иймэрхүү хүсэлтийг хүлээж авахгүй гэдгээ бид Туркийн талд илэрхийлсэн. Ф.Гуллены хөдөлгөөний талаар хэн нэгэн ямар байр суурьтай байх нь хамаагүй. Германы иргэд болон манай улсад амьдарч байгаа гадаадын иргэдийг тагнахыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ