Австралийг хүчтэй хар салхи дайран өнгөрсний дараа үер болж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-03-29 10:46:28

КАНБЕРРА. /ВВС/. Орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө Австралийг хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас тус улсын зүүн хойд эргийн дагуу 1300 км урт газрыг хамарсан талбайд үер болох аюул нүүрлээд байна гэж холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.

“Дебби” хар салхины улмаас их хэмжээний хохирол учирч, аадар бороо орж, олон арван мянган айл өрх гэрэл цахилгаангүй болоод байна.

Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл гамшгийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.

Өнөөдөр 250 мм хур тунадас орох төлөвтэй байгаа тул үерлэх аюултай газруудаар явахгүй байхыг оршин суугчдад холбогдох албаны хүмүүс анхааруулж байна.

Тус улсын Квинсленд мужийн захирагч Анастасия Палащукийн мэдэгдсэнээр, хар салхины улмаас гурван хүн гэмтэж бэртжээ. Гэмтэж бэртсэн хүмүүс яаралтай тусламжийнхантай холбоо барьж чадахгүй байж магадгүй учир энэ тоо нэмэгдэх магадлалтай гэж тэрбээр хэлээд, хүмүүсийг хүндэтгэн тэдэнд туслахыг даатгалын компаниудад уриаллаа. Түүний хэлснээр, өчигдөр орой 63 мянган айл гэрэл цахилгаангүй байжээ.

Дэд бүтцийг сэргээн засварлахаар Австралийн зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд тус мужид очиж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ