Хаягдал усыг эргүүлэн ашиглах хуультай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-03-22 14:24:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-д “Хаягдал ус-Нөөц баялаг” сэдэвт форум боллоо.

Уг форум болон үзэсгэлэнг БОАЖЯ, МҮХАҮТ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, МБОИЗ, УСУГ, ХААИС зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан юм.

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар  сарын 22-ны өдөр “Дэлхийн усны өдөр”-ийг  тэмдэглэн өнгөрүүлдэг.  Энэ жил Дэлхийн усны өдрийг НҮБ-аас “Хаягдал ус” уриан дор тэмдэглэхээр зарласан юм. Харин манай улс “Хаягдал ус-нөөц баялаг” уриан дор тэмдэглэж байна.

Тус форумын үеэр “Усыг хэмнэлттэй ашиглах, хамгаалах-техник технологи”-ийн үзэсгэлэн гаргаж хаягдал ус цэвэршүүлэх технологи, цаашдын чиг хандлага болон шинэ техник, технологийг нэвтрүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг танилцуулан сурталчилсан юм. Энэ үеэр “Хаягдал усыг үйлдвэрлэл үйлчилгээнд эргүүлэн ашиглах туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж санал бодлоо солилцлоо. Мөн “Усны нөөц ба хаягдал усны хууль эрх зүйн орчин, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд зэрэг илтгэлийг тавьсан юм.

БОАЖЯ-ны Усны нөөцийн мэргэжилтэн Л.Эрдэнэбулгантай энэ үеэр уулзаж усыг эргүүлэн ашиглаж байгаа талаар сонирхлоо.

“Өнөөдөр нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжид 170-190 мянган шоо метр хаягдал ус очиж байна. Энэ бол маш их ус, харин энэ хаягдал усыг эргүүлэн ашиглаж байгаа нь 1-2 хувь байгаа. Энэ асуудлыг иргэд, аж ахуйн нэгжүүд шахалт шаардлагаар бус санаачлагаараа хийж хэрэгжүүлэх нь чухал юм. Өнөөдөр автомашин угаалгын газар “Эко вөш” гэж зэрэг ганц хоёрхон аж ахуйн нэгж хаягдал усыг эргүүлэн ашиглаж байна. Манай улсын нийт усны хоёр хүрэхгүй хувийг газрын доорхи ус эзэлдэг ч бид усны хэрэглээнийхээ 80 гаруй хувийг газрын гүний усаар хангадаг. Үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Харин уул уурхайн компаниудаас Оюутолгой гэхэд л үйлдвэрлэлд ашиглаж байгаа усныхаа 90 гаруй хувийг, Эрдэнэт үйлдвэрийн хувьд мөн л 90 шахам хувийг нь эргүүлэн ашиглаж байгаа” гэв.

Тус форумын нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Дэлхийн усны өдөр”-т дэвшүүлсэн мэндчилгээндээ “Монгол орны усны нийт нөөцийн сүүлийн 40 жилийн судалгаанаас үзвэл жил тутам дунджаар 564.8 км3 байдаг ба үүний 82.5 хувь буюу 500 км3 -г нуур, 6.1 хувь буюу 34.6 км3 -ийг гол, мөрөн, 3.4 хувь буюу 19.4 км3 -ийг мөнх цас, мөсөн гол, 1.9 хувь буюу 10,8 км3 -ийг газрын доорх ус тус тус эзэлж байна. Гэтэл бид өнөөдөр хүн ам, нийгэм-эдийн засгийн салбаруудын усны хэрэглээний  80 гаруй хувийг Монгол улсын нийт усны нөөцийн 1.9 хувийг эзэлж байгаа газрын доорх усаар, 20 хүрэхгүй хувийг гадаргын усаар хангаж байна. НҮБ-аас Дэлхийн усны өдрийг “хаягдал ус” гэж нэрлэсэн нь тохиолдлын хэрэг биш юм. Хаягдал ус нь өөрөө дахин ашиглагдах боломж бүхий “нөөц баялаг” бөгөөд бид хаягдал усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах шинэ дэвшилтэт техник технологийг эрчимтэй нэвтрүүлэхэд онцгой анхаарч, өндөр ач холбогдол өгч хэрэгжүүлэх цаг нь болсон. Монгол улсын Засгийн газраас усны салбарт томоохон ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхлээд байгаагаас энд дурдахад таатай байна. Тухайлбал “хаягдал ус”-ыг нь эргүүлэн ашиглах боломжтой байдлаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг энэ ондоо багтаан эхлүүлэхээр гэрээ, хэлэлцээрийн түвшинд ажиллаж байна. Мөн хаягдал усыг эргүүлэн ашиглах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барина” хэмээн онцолсон юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ