Шинэхэн гавъяат төрөлх нутагтаа аялан тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-21 23:27:12

Дундговь/МОНЦАМЭ/  Хэдхэн сарын өмнө Монгол Улсын Гавъяат жүжигчин цолоор шагнуулсан Үндэсний урлагийн Их Театрын гоцлол дуучин С. Цогтсайхан Дундговь аймгийн зон олонд  “Амар мэндийн аялгуу” тоглолтоо өргөн барих гэж байна.

Тэрээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, энэ нутгаас төрсөн урлаг, соёлын алдартнуудын нэг юм. 1996 онд СУИС- ыг уртын дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд үндэсний урлагийг хөгжүүлэхэд өөрийн гэсэн орон зайг эзлэн, хувь нэмэр оруулж яваа, монголын ард түмэнд хүндлэгдсэн нэрт дуучин болсон байдаг.

Тэрээр МУГЖ болсноор анхны тоглолтоо төрөлх нутгийн зон олондоо толилуулахаар ийнхүү зорьсон байна. МУСТА Б. Батмэнд, дуучин Б. Сайнтөмөр нарын хамтаар “Амар мэндийн аялгуу” тоглолтоо энэ сарын 24- нд Мандалговь хотоос эхэлж нутгаа нар зөв тойрон ард олондоо хүргэнэ.

Түүнийг Монгол Улсын Гавъяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэж, аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, хагас сая төгрөгийн мөнгөн шагнал гардуулахаар өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засаг даргын зөвлөлийн хурлаас шийдвэрлэжээ.

Т. Отгонтуяа    

Холбоотой мэдээ