Байгаль орчны салбарт Нагояагийн их сургуультай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-03-20 17:28:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас Японы Нагояагийн их сургуульд байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, тус улсын эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийхээр тохиролцож, өнөөдөр Санамж бичиг байгуулав.

Санамж бичигт БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Нагояагийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Ичихаши Кацуяа нар гарын үсэг зурав.

БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, “140 жилийн түүхтэй Нагояагийн их сургуульд Монголын байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургах боломж бүрдэж байгаад баяртай байна. Япончуудын соёл, дэвшилтэт сэтгэлгээ, япон хүний бүтээлч, уйгагүй ажилсаг, хичээнгүй чанараас суралцан, эх орондоо тэр дундаа байгаль орчны салбартаа илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тун удахгүй тохиох гэж байгааг Нагояагийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Ичихаши Кацуяа дурьдаад, “Манай сургууль Монгол Улсын их дээд сургуулиудтай нягт хамтран ажилласаар ирсэн. 2009 онд ШУТИС-тай хамтран хээрийн судалгааны төвийг байгуулсан нь үүний тод жишээ юм. Өнөөдөр БОАЖЯ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар зөвхөн манай сургуулийн төвийгүй хоёр орны найрамдалт харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ