УИХ мэргэжлийн хуульчдаас бүрдэх ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-03-16 15:32:42

Монгол Улсад “Ардын их хурал” (АИХ) болон “Улсын бага хурал” бүхий хоёр танхимтай парламентийн тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Зөвлөлдөх уулзалт өнөөдөр Монголын залуучуудын холбоонд болов.

“Ардын их хурал” хөдөлгөөнөөс зохион байгуулж буй уг уулзалтад 1990-1992 оны АИХ-ын депутат асан Э.Бат-Үүл болон нийслэлийн 100 гаруй иргэн оролцов.

Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалт бий. Гэвч ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон гишүүд Засгийн эрхийг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн  “Ардын их хурал” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Б.Батзаяа хэллээ. Тэрбээр, “УИХ-ын 76 гишүүн төсөв батлах, албан тушаалтан томилох, хууль батлах зэрэг олон ажил хийдэг. Өөрөөр хэлбэл, тэдний гарт төрийн эрх мэдэл, ашиг сонирхлын зөрчил гэх мэт бүхий л асуудал төвлөрч байна гэсэн үг. Тиймээс Засгийн эрх мэдлийг тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор 1990-1992 онд үйл ажиллагаа явуулж байсан АИХ-ыг сэргээн байгуулах хэрэгтэй.

АИХ улсынхаа төсөв, мөнгийг батлах, Ерөнхий сайдаас эхлэн албан тушаалтнуудыг томилох эрхтэй байна. Харин одоогийн УИХ-ыг 1990 оны Улсын баг хуралтай адилаар мэргэжлийн хуульчдаас бүрдүүлж, нийгэм, эдийн засагт шаардлагатай хууль, тогтоол баталдаг байх юм. АИХ-д нэр дэвшигчдийг намаас тодруулахгүй. Бүх аймаг сум, дүүрэг хорооны энгийн иргэд нэр дэвшихээр хуульчлах ёстой. Харин УИХ-ын гишүүд намаас нэр дэвших юм. Бидний санаачлагыг эрх баригчид шууд хүлээж авахгүй нь тодорхой. Тиймээс энэхүү санаачлагаа хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллах болно” хэмээв.

Монгол Улсад парламентын хоёр танхимтай байх талаар хууль, эрх зүйн орчин байхгүй тул Үндсэн хуулиас эхлээд холбогдох бүх дүрэм журам, тогтоолд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байлаа.

Тухайлбал 1990-1992 оны АИХ-ын депутат асан Э.Бат-Үүл, “Сүүлийн 10 гаруй жилд Монголын ардчиллал олигархын төр лүү шилжиж, хариуцлага хүлээдэггүй төр бий болж байна. Засгийн эрх мэдлийг өөрийнхөө ашгийн төлөө ажилладаг төр бидэнд хэрэггүй.  1990-1992 оны үед үйл ажиллагаа явуулж байсан АИХ ёс зүйн зөрчил гаргаж байсан Улсын бага хурлын депутатыг эгүүлэн татдаг байсан. Энэхүү АИХ өнөөдрийг хүртэл ажиллаж байсан бол УИХ ёс зүйтэй байх байсан юм. Үүнийг ойлгосон  залуус АИХ-ыг сэргээхээр ажиллаж байгаад талархаж байна.

АИХ-ыг сэргээн байгуулах нь маш их эсэргүүцэлтэй тулна. Тиймээс нэн тэргүүнд иргэдийн дэмжлэгийг авах нь чухал. АИХ-ыг байгуулах шаардлага, одоо үүсээд байгаа төрийн хямралын асуудлыг танилцуулах хэрэгтэй. Тэгж байж иргэд төрийн өндөрлөгүүдээс шаардаж эхэлнэ. Иргэдийн шаардлагыг биелүүлдэггүй улс төрчид дахин сонгогдож чадахгүй учраас тэдний саналыг авахын тулд дорвитой алхам хийхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ мэтээр АИХ хэмээх хяналтын тогтолцоог бий болгохгүй бол олигархын хөлд тээгэлсэн хүн бүр хохирдог аюултай нийгэм бий болно” хэмээв.

Мөн тэрбээр УИХ-аас байгуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн үйл ажиллагааг нэн даруй зогсоох шаардлагатай хэмээсэн юм. Үндсэн хуулийг өөрчлөх санаачилга олон нам, эвсэл, иргээд гарах болсон. Санаачилга гаргасан нам, эвслийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Нэг нам хэт олонх болсон энэ үед зөвхөн УИХ-аас байгуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах заалт оруулах эрсдэл дагуулна хэмээн тайлбарласан юм.

Түүнчлэн зөвлөлдөх уулзалтад оролцогчдын зүгээх АИХ байгуулах санаачилгад аль нэг улс төрийн хүчинг нэгтгэхгүй байхыг сануулсан. Санаачилгыг улс төрийн нам, эвсэлтэй холбосноор иргэдийн дунд хардлага үүсгэх болно хэмээж байлаа. Мөн энэхүү уулзалтыг зөвхөн Улаанбаатар хотод бус Монгол Улсын өнцөг булан бүрт зохион байгуулах саналыг гаргаж байлаа. Зохион байгуулагчдын зүгээс ч тэдний саналыг үйл ажиллагаандаа тусгана гэдгээ илэрхийлсан юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ