Увсад орос хэлний төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-14 23:05:11

Увс /МОНЦАМЭ/ Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэмжлэгтэйгээр Увс аймагт Орос хэлний төв байгуулахаар болж, энэхүү гэрээнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, РЦНК буюу Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан мэдээллийн төвийн дарга Е.Г.Михайлов нар энэ сарын 15-нд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Энэ төв байгуулагдсанаар Увс аймгийн хүүхэд залуучууд, иргэдэд орос хэлний боловсрол эзэмшүүлэх, сургах, орос хэлний багш нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх боломж нээгдэх аж. Увс аймгийн Засаг дарга ОХУ-ын Томск мужид 2016 оны 10 сард айлчлал хийсний үр дүнд Томск мужийн улсын багшийн их сургуулиас орос хэлний мэргэжилтэн багш нар Увс аймагт ирж шинээр байгуулагдаж буй орос хэлний төвд багшлахаар болжээ. Энэхүү сургалтад орос хэл сурахыг хүссэн хүүхэд багачууд, насанд хүрэгчид хамрагдахаас гадна орос хэлний багш нарт заах аргазүйн талаар сургалт, семинар явуулах юм байна. Увс аймагт байгуулагдах орос хэлний төвийг 1977 онд оросууд барьж ашиглалтанд оруулсан, орос хэлний улсын болон олон улсын олимпиадын аваргууд төрүүлсэн сургууль болох, энэ жил 40 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа Цогцолбор 2-р сургуулийг түшиглэн ирэх 4-р сард байгуулах аж.

Увс аймгийн ИТХ болон ОХУ-ын Тува улсын Дээд хурал хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Тувагийн Дээд хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 4 дэх жилдээ Увс аймгийн төвийн дунд сургуулийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, уралдаан тэмцээн явуулах гэж байна. Мөн Тувагийн их сургуулийн мэргэжил дээшлүүлэх институтын хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн багш нар аймгийн орос хэлний багш нарт семинар, үзүүлэх хичээл зохион байгуулахаар энэ сарын 22-25-нд Увс аймагт хүрэлцэн ирэхээр болоод байна. Ийнхүү Увс аймгийн ард иргэдэд орос хэлний боловсрол олгох ажлын эхлэл тавигдаад байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ