Улсын хэмжээнд нэн даруй нөхөн сэргээх шаардлагатай 42 мянга 556 га талбай бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-03-13 14:49:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн 42 мянга 556 га талбай байгааг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (ХБОБНУГ)-ын дарга Г.Нямдаваа өнөөдөр болсон “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого” семинарын үеэр онцлов.

Семинарт БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяр, ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, УУЯ,МХЕГ-ын холбогдох албаны хүмүүс болон 21 аймгаас уул уурхайн байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан 70 гаруй мэргэжилтнүүд оролцож байна

Дэлхийн улс орнууд ын байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарах болсон. Монгол Улс ч мөн дэлхий нийтийн жишгийг дагаж, байгаль орчны доройтолтой тэмцэж байгааг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нээлтийн үеэр хэллээ.

Тэрбээр, “ Засгийн газар байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах эрхзүйн  зохицуулалтыг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Мөн байгаль орчныг хамгаалах ажлын үр өгөөж, чанарыг дээшлүүлэххууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах, төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог хангахыг зорьж байгаа. Эдгээр ажлыг эхлүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өнөөдрийн семинараас гарах үр дүн томоохон түлхэц үзүүлнэ” гэв.

Улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогыг 2012 онд нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамруулан хийжээ. Уг тооллогоор 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 699 нэгж талбар үлдсэнийг тогтоосон байна. Эдгээр эвдрэлд орсон талбайн 60 орчим хувь нь аж ахуйн нэгж  байгууллага, 40 хувь нь гар аргаар  алт олборлогчдын үйл ажиллагаанд өртжээ. Үүнээс хойш нэгдсэн байдлаар эвдэгдсэн газрын тооллого хийгээгүй бөгөөд одоогоор 42 мянга 556 га эвдэрсэн талбай бүртгэлтэй байгаа юм. Иймд дээрх газруудыг нөхөн сэргээх, байгаль орчинтой холбоотой стандартыг олон улсын төвшинд хүргэх чиглэлд анхаарах хэрэгтэй байгааг БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа илтгэл тэмдэглэсэн юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ