1400 малчин сайн дурын даатгалд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-13 11:40:55

Дорнод /МОНЦАМЭ/. Оны эхний улирлын байдлаар Дорнод аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 1401 малчин сайн дурын даатгалд хамрагджээ. Харин өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд 6154 иргэн сайн дурын даатгалд хамрагдсаны 2296 нь малчин байсан байна.

Аймгийн Статистикийн хэлтсээс өгч байгаа мэдээллээр Дорнод аймагт 8400 гаруй малчин бий. Үүний бараг 90 хувь нь 15-59 нас буюу хөдөлмөрийн насны иргэд байгаа юм. Сайн дурын даатгалын ач холбогдол, үр нөлөөг малчид сайтар ойлгон тусгаж авах нь бага байгааг дээрх тоон үзүүлэлтүүдээс харж болохоор байна.

Дорнод аймгийн хүн амын тоо 78 мянгад дөхөж очсон энэ үед 43 мянга нь хөдөлмөрийн насныхан, үүн дотроо 29 мянга нь ажиллагсад байгаа юм. Энэ хэрээр сайн дурын даатгалд иргэдийг хамруулах, давуу талуудыг ойлгуулах шаардлага гарч ирж, төлөвлөгөөт ажил үргэлжилж байгааг тус аймгийн ЭМНДХ-ээс мэдээллээ.   

Б.Туяа

Холбоотой мэдээ