Зэвсэгт хүчний дайчид үзүүлэх тоглолт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-10 23:51:54

Дархан-Уул /MOНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нар Дархан хотод байрладаг Зэвсэгт Хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцав.

Мөн үеэр тус ангид хийсэн уулзалтад цэрэг офицерууд, аймгийн ЗДТГ-ын зарим хэлтэс, агентлаг, Дархан сумын багийн Засаг дарга нар, тус сумын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, арилжааны банк зэрэг тус ангитай хамтарч ажилладаг байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Уулзалтын эхэнд Зэвсэгт Хүчний 330 дугаар ангийн Захирагч, Хурандаа Б.Баатар ангийнхаа талаар товч мэдээлэл хийв.

Тэрбээр: “Манай анги нь үндсэн үйл ажиллагаанаас гадна аймгийн нийгэм, эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг. Тухайлбал Дархан-Уул аймгийн иргэн 550 хүнийг ажлын байраар хангаснаар тэдгээрийн ар гэрийн 1500 гаруй хүний нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг гэсэн үг юм. Мөн нийгмийн даатгалын шимтгэлд болон татварт багагүй мөнгө төлдөг. Түүнчлэн байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах бараа материал, шатахуун зэргийг орон нутгийн бизнес эрхлэгчдээс худалдан авах зэргээр хамтарч ажилладаг. Бүх нийтээр мод тарих, хүмүүнлэгийн аянд нэгдэх, сумдад өвс, тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээнүүдэд албан хаагчдаа дайчилж тогтмол оролцуулж ирлээ” гэв.

Мөн энэ үеэр албаны төлөөллүүдэд Зэвсэгт Хүчний 330 дугаар ангийн зэвсэглэл, техникийг танилцуулж гардан тулаан, гимнастикийн үзүүлбэр, урлагийн тоглолт, хээрийн сургалт дадлага зэргийг сонирхууллаа. 

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ