Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Менингококкт халдвар нэг ой 6 сартай хүүхдээс илэрсэн. Иймээс энэ өвчний талаарх мэргэжлийн зөвлөгөөг хүргэж байна.
Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин.
Менингококкын халдвараар 19 хүртэлх насны хүмүүс тэр дундаа 6-36 сар хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилдөг байна. Агаар дуслын замаар өвчтэй хүнээс хүнд дамждаг халдвар юм.
Менингококкын халдварын үед гэнэт өндөр халуурах, бөөлжих, ядарч сульдах, цочромтгой болох /хурц гэрэл, дуу чимээ/, цусархаг тууралт гарах, толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, бага насны хүүхдэд гэдсээр өвдөх 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэл зүйн сонгомол шинж тод илэрнэ.
Хайрсан, шарсан хоол болон янз бүрийн хүчтэй амтлагчаас бусад хоолыг хориглохгүй хэрэглэдэг байна. Өөрөө хооллож чадахгүй тохиолдолд ходоодны хаймсуураар, эсвэл судсаар хооллоно. Өвчний цочмог үеийг намдтал хэвтрийн дэглэм сахиулах ёстой аж.
Менингококкын халдвараас урьдчилсан сэргийлэхийн тулд хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх, өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангын уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах, менингококкт халдварын эсрэг вакцинд хамрах, өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх, биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх, улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.