"Цахим эрүүл мэнд" төсөл хэвийн үргэлжилж буйг уламжлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, “Харилцаа холбооны салбарын хөгжил маш хурдацтай явагдаж байгаа өнөө үед мэдээллийн технологи нь эрүүл мэндийн салбарын хөгжлийг хурдасгахад чухал үүрэгтэй. Тиймээс төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, аймаг болон дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг цахим тогтолцоонд шилжүүлэх зорилгоор “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж байна” гэв.
Төслийн хүрээнд Монгол Улсад “Эрүүл мэндийн мэдээллийн үндэсний төв”-ийг байгуулах бөгөөд Эрүүл мэндийн сайдын зүгээс тус төв нь өөрийн гэсэн байртай байх нь цаашид төсөл хэрэгжээд дуусахад үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх ач холбогдолтой гэдгийг онцлов.
Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон төслийн үйл ажиллагаа хэвийн, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг хэллээ. Энэ эрчээрээ явбал төслийн хэрэгжилт хангалттай гэсэн үнэлгээ авч, ЭМЯ-наас тавьж буй “Эрүүл мэндийн мэдээллийн үндэсний төв”-ийн байртай болох саналыг дэмжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг уламжиллаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.