"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг дэлхий дахинд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-03-07 16:56:44

НЬЮ-ЙОРК. /Fortune.com/. Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд дэлхийн улс орнуудад “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэдэг. 2017 оны хувьд дэлхийн даяар энэ өдрийг "Өөрчлөлтийг зоригтой хий" уриан дор тэмдэглэх гэж байна.

Энэ өдрийг дэлхийн улс орнууд янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг.  Зарим улс оронд энэ баярын өдрийг Валентины баяр буюу Гэгээн хайрын өдөртэй адил тэмдэглэдэг байна. Тодруулбал, эрэгтэйчүүд нь хайртай бүсгүйдээ цэцэг, бэлэг өгдөг бол бусад улс оронд “бодлогын өөрчлөлт хийж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, оролцоог нэмэгдүүлэх”-ийг шаардан эмэгтэйчүүд жагсаал хийдэг аж.

Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 8-ныг буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг  дэлхийн улс орнууд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх бол?

АНУ

АНУ-д эмэгтэйчүүд “Эмэгтэйчүүдгүй өдөр” жагсаал зохион байгуулж, ажил хаялт зарлана.  Уг жагсаалыг энэ оны нэгдүгээр сарын 21-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотод болсон хүйсийн эрх тэгш байдлыг дэмжихийг уриалсан “Эмэгтэйчүүдийн жагсаал”/Women’s March/ эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид удирдан явуулах аж. 1908 онд эмэгтэйчүүд ажиллах орчин нөхцлийг сайжруулахыг шаардан жагссан өдрийг дурсан “Эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх болжээ.

Европ

Үүнээс гурван жилийн дараа “Эмэгтэйчүүдийн жагсаал” Европ руу хүрээгээ тэлсэн бөгөөд Герман, Австри, Дани болон Шведийн эмэгтэйчүүд ажлын байрны нөхцлийг сайжруулахыг шаардан жагсчээ.

Аргентинд “Эмэгтэйчүүдийн өдөр”-өөр  цэцэг, бэлэг өгөх зэргээр эмэгтэйчүүдээ баярлуулдаг уламжлалтай боловч энэ оны хувьд тус улсын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид болон бусад эмэгтэйчүүд  ажил хаялт, эсэргүүцлийн жагсаалд нэгдэх аж.

Их Британи ба Ирланд

Их Британи болон Ирландын эмэгтэйчүүд энэ онд баярынхаа өдрөөр өөрсдийнхөө эрхийн төлөө жагсана. Ирландын эмэгтэйчүүд үр хөндүүлэхийг хориглох тухай Үндсэн хуулийн 8 дугаар нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэн жагсч, уг нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг Засгийн газраас шаардахаар төлөвлөжээ.

“Эмэгтэйчүүд улс төр, эдийн засгийн болон нөхөн үржихүйн эрхийнхээ төлөө хэрхэн тэмцэж ирсэн түүхийг “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр дэлхий дахин дурсан санадаг. Бид ч гэсэн эрхийнхээ төлөө тэмцэх болно” гэж Ирландын Үндсэн хуулийн “8 дугаар нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгохын төлөөх эвсэл"-ийн тэргүүн Айббх Смит хэлэв.

Харин Их Британийн эмэгтэйчүүд баярынхаа өдөр буюу маргааш улаан хувцас өмсч, парламентын ордон болон Үндэсний галарейн гадна урлагийн ертөнцөд хүйсээр ялгаварлан гадуурхах явдал гарч байгааг зогсоохыг шаардах ажээ.

Шотландын Ерөнхий сайд Никола Старжен лхагва гарагт парламентын ордонд улс орны өнцөг булан бүрээс ирсэн 400 эмэгтэйг хүлээн авч уулзана. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч тэрбээр засгийн газар дахь хүйсийн эрх тэгш байдлыг хангахыг чухалчилдаг хүн юм. 

Италид гуравдугаар сарын 8-ны өдөр музейнууд болон соёл урлагийн байгууллагууд эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг аж.

Орост “Эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэж эхэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1917 онд Орос улсад энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож байжээ. Оросууд энэ өдрийг Валентины баяртай адил тэмдэглэж, эрэгтэйчүүд нь хайртай бүсгүйдээ цэцэг, бэлэг өгдөг.

Арменд гуравдугаар сарын 8-наас “Эмэгтэйчүүдийн сар”-ыг тэмдэглэж эхлээд дөрөвдүгээр сарын 7-нд болдог “Ээжүүд ба үзэсгэлэнт бүсгүйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэснээр дуусдаг байна.

Ойрхи Дорнод

Газрын зурваст “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг “Хамас” бүлэглэл хоригложээ. Энэ баярыг палестинчууд өргөнөөр тэмдэглэдэг байна.

Туркийн Засгийн газар “Эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тохиолдуулан ямар нэгэн жагсаал цуглаан хийхийг хориглосон боловч тус улсын эмэгтэйчүүд энэ хоригийг үл хайхран, эсэргүүцлээ илэрхийлэгчдийг хүчээр дарж байгаа болон хүйсийн эрх тэгш байдал алдагдаад байгааг эсэргүүцэн өнгөрсөн долоо хоногийн ням гарагт эсэргүүцлийн жагсаал хийжээ. Тайвнаар эсэргүүцлээ илэрхийлж байсан хүмүүс рүү цагдаа нар резинэн сумаар буудсан байна.

Саудын Аравийн нийслэл Эр-Рияд хотод өнгөрсөн сард “Эмэгтэйчүүдийн өдөр”-ийг анх удаагаа тэмдэглэсэн байна.

Хятад

Хятадад “Эмэгтэйчүүдийн өдөр”-ийг эртнээс тэмдэглэн иржээ. “Эмэгтэйчүүдийн өдөр” бол хятад эрэгтэйчүүдийн хувьд Валелтины баяр болон Ээжүүдийн баярын өдрийн адил хайртай ээж, бүсгүйчүүддээ чин сэтгэлээ илэрхийлэх нэгэн боломж гэнэ.

Энэ өдөр дэлгүүрүүд болон компаниуд эмэгтэйчүүдэд зориулсан бараа бүтээгдэхүүнүүддээ онцгой хямдрал зарладаг аж. Мөн Хятадын эрэгтэйчүүд энэ өдөр ээж, эхнэр болон охиндоо бэлэг өгдөг байна. Үүнээс гадна “Эмэгтэйчүүдийн өдөр”-өөр Хятадын компаниуд, албан байгууллагууд эмэгтэй ажилтнуудаа хагас өдөр ажиллуулдаг аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ