Баруун халхчуудыг “Ээвэнхэн халх” хэмээн нэрлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-07 11:31:09

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймаг олон ястны өлгий билээ. Өмнө нь мянгад, захчин, өөлдийн талаар танилцуулж байсан бол энэ удаад "Ээвэнхэн халх" гэддэг баруун халхчуудын тухай танилцуулж байна.

Халхчууд Ховд аймгийн Мөст, Буянт, Чандмань, Дарви, Цэцэг  суманд хэсэг бүлгээрээ буюу бөөнөөрөө оршин сууна. Тэднийг угсаатны зүйн хэллэгээр “баруун халхчууд” гэх бөгөөд нутгийнханы хэлээр “ээвэнхэн халх” хэмээнэ. Ээвэнхэн хэмээх нь баруун халхчууд Ээвийн гол хүртэл нутаглаж байснаас ийнхүү нэрлэжээ.

Тэдний зан заншил төв халхаас нэлээд ялгаатай. Ойрадуудтай хил залгаа суух учир тэдний зан заншлын элементүүдийн тусгал нэлээд байдаг тул халх ойрадын дундын бэсрэг соёлтой.

Дээрх нутгийг Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хун тайж долоон хүүдээ өөрийн эзэмшил нутгийг хуваан өгөхдөө Саму бумад хувь өмч болгон өгчээ. Саму бумагийн орд өргөө нь одоогийн Дарви сумын нутаг Хөвхөрийн голд байсан. Чандмань, Буянт сумын зарим хэсэг нь одоогийн Архангай, Өвөрхангай, Баян хонгор, Төв аймгаас Манжийн үед өртөө харуул, тарианы албанд дайчлагдан ирээд амьдралын эрхээр суурьшин нутагшсан.

Ховд аймгийн халхчууд бэсүд, жалайр, олхонуд, боржигон, сартуул зэрэг эртний сурвалжит овгуудаас гадна шинэчүүл, алаг адууныхан, галуут зэрэг үржвэр овгуудаас бүрдэнэ.  Тэдний ёс заншил, хувцас, хэл аялгуу нь төв халхаас ялгаатай төдийгүй халх, ойрадын дундын  бэсрэг соёлтой. Эрэгтэйчүүд нь зуны цагт шовгор оройтой хилэн хэвсэгтэй, өвөл нь үнэт үсээр үсэлсэн хивсэгтэй малгайг дэлгэрэнгүй хэрэглэх боловч угсаа зэрэг дэв, хөрөнгө чинээний байдлаас хамааран нэлээд хэдэн төрлийн малгай өмсөнө. Жишээлбэл язгууртан хүний угсаа залгах хөвгүүд “угсаа” малгайг, охид нь “угсуур” малгай өмсөж язгуур угсаатан хүний үр хойчис гэдгээ илэрхийлдэг. Халх залуучууд “буян”, “буян өлзий”, “баяр”, “түвшин шударга, туйлын цэнгэл” гэх мэтийн ерөөл буяны үг бүхий залаатай малгай өмсөнө.

Тэд хувьсгалын өмнө Засагт хан аймгийн Эрдэнэ бэйс, Дархан бэйлийн хошуунд харъяалагдаж байгаад 1925 оноос шинэ засаг захиргааны зохион байгуулалтанд шилжихэд Хантайшир уулын аймгийн Бүс хайрхан уул, Сутай уулын хошуунд тус тус харъяалагдаж байснаа 1931 онд Ховд аймаг байгуулагдахад Ховд аймгийн сумууд болж зохион байгуулагдсан нь  эдүгээ хүртэл хэвээр хадгалагдсаар байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ