БНХАУ батлан хамгаалах салбарын төсвөө 7 хувиар нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-04 14:53:40

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс 2017 онд батлан хамгаалах салбарын төсвөө 7 хувиар нэмэгдүүлнэ гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн тавдугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдэгдлээ.

Төлөөлөгч Фу Инь хэлэхдээ “Хятад улсын эдийн засгийн хөгжил болон батлан хамгаалах салбарын хэрэгцээ зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр батлан хамгаалах салбарын төсвийг өмнөх оныхоос 7 хувиар нэмэгдүүлж байна” гэв. Тэрбээр яг хэдэн юанийг батлан хамгаалах салбарт төсөвлөхийг тодорхой хэлсэнгүй.

Гэхдээ тус улс өнгөрсөн онд батлан хамгаалах салбартаа 950 тэрбум юань төсөвлөж байсан юм. Үүнээс үзвэл, энэ онд 7 хувиар нэмэгдүүлснээр тус салбарын төсөв нь 1 их наяд юаниас давна гэсэн үг.

БНХАУ батлан хамгаалахын төсвөө 2016 онд 7.6 хувиар нэмэгдүүлж байсан юм.

Энэ оны нэмэгдэл нь Хятад улс сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус салбарын төсвийг хамгийн бага хувиар нэмэгдүүлж байгаа анхны тохиолдол аж. Мөн 2010 оноос хойш тус салбарын төсвийг нэг оронтой хувиар нэмэгдүүлж байгаа хоёр дахь тохиолол нь энэ гэнэ.

2009 онд тус улс батлан хамгаалахын төсвөө 15 хувиар нэмэгдүүлж байжээ.

НАТО-гийн гишүүн улсуудын батлан хамгаалах салбарын зардал ДНБ-ийнх нь наад зах нь 2 хувийг эзэлдэг бол Хятад улсын батлан хамгаалах салбарын зардал ДНБ-ий ердөө 1.3 хувийг эзэлж байна гэж төлөөлөгч Фу цохон тэмдэглээд, сэтгүүлчдэд хандан “энэ их мөнгийг юунд зарцуулдгийг нь та бүхэн тэднээс асуух хэрэгтэй” гэжээ.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн тавдугаар чуулган маргааш эхлэх бөгөөд энэ сарын 15-нд өндөрлөнө.

Г.Доржханд

Холбоотой мэдээ