Завханы уулчид Цасны барс хөтөлбөрийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-02 23:43:24

Завхан /MKKNTSABE//Завхан аймгийн уулчид Дундад Ази тивд орших Памир, Тянь-Шаны нуруунд орших дэлхийн уулчдын "Цасны барс" (Снежни барс) хэмээн нэрлэдэг оргилд гарахаар бэлтгэлдээ гараад байна.

Тодруулбал Завхан аймгийн уулчин ОУХМ Ө.Батманлай, С.Болор-эрдэнэ нар "Цасны барс" хөтөлбөрийг эхлүүлэхээ зарлажээ.  Тэд эхний авиралтаа ирэх долдугаар сард Ленин /7134м/ оргилд хийхээр төлөвлөөд буй юм.

 

Уулчин Ө.Батманлай нь дэлхийн 14 дэх өндөр уул Шишапангма /8027м/-д нэмэлт хүчилтөрөгчгүй, ганцаарчилсан авиралтыг амжилттай хийж байсан манай улсын шилдэг уулчдын нэг юм. Харин С.Болор-эрдэнийн хувьд эх орныхоо мөнх цаст оргилуудад авиралт хийсэн туршлагатай уулчин юм. Сонирхуулахад “Цасны барс” хөтөлбөр нь хуучин ЗХУ-н үед зохиогдсон бөгөөд дэлхийн хойд хэсгийн 7000 метрээс өндөр таван оргилд авирч гарсан хүнд олгодог альпинизмын цол байсан ажээ.  Энэхүү цол нь эдүгээ цагт уулчдын дунд нэгэн нэр алдартай хөтөлбөр болж хөгжөөд буй юм.  Энэхүү хөтөлбөрт уулсыг нэрлэвэл Тянь-Шаний нуруунд Хан Тэнгэр (7010м), Жениш чокусу буюу Пик Победы (7439м) оргилууд байгаа бол, Памирын уулсад Исмоила Сомони буюу Коммунизм (7495м), Ленин (7134м), Корженевской (7105м) оргилууд юм байна.

Завхан аймгийн Уулсын оргил өөд клубын уулчин ОУХМ Ө.Батманлай, С.Болор-эрдэнэ нарын авиралтын бэлтгэл ажил, бэлтгэлийн үйл явцын талааарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ