Завханаас зургаан улсын аварга малчин, долоон алтан төлийн эзэн төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-02 21:45:19

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил мал сүргээ таван толгой дээр нь өсгөн үржүүлж, оны эцэст гурван сая 406.2 мянган толгой мал тоолуулжээ.

Хонин толгойд шилжүүлснээр 5.3 сая мал тоолуулж нийт мал сүрэг өмнөх оноос 8,7 хувиар өсчээ. Малынхаа тоо толгойг өсгөж, үүлдэр угсааг сайжруулсан шилдэг малчид цагаан сарын өмнөхөн энгэрээ мялаалаа.  Ийнхүү Завхан аймгаас улсын аварга малчин зургаа, алтан төлийн эзэн долоо, аймгийн аварга малчин 90 төрлөө. Харин энэ жил Завхан аймгаас аймгийн алдарт уяач 14 төрлөө.

Мал сүргээ төлөөр нь тогтвортой өсгөн, бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр аймаг, улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аварга малчдын шагналыг аймгийн удирдлагууд гардуулан өглөө. Олон жилийн уйгагүй хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртэж Улсын аварга малчны болзлыг хангасан Цэцэн-Уул сумын Оройн товгор багийн малчин С.Бүджав аймгийн Засаг даргаас шагналаа гардан авлаа.

Тэрээр эрдэнэт мал сүргээ таван толгой дээр нь өсгөн үржүүлж энэ жил 300 адуу, 9 тэмээ, 150 үхэр, 1700 хонь, 400 орчим ямаа тоолуулжээ. Тэрээр 30 орчим жил морь уяж байгаа бөгөөд аймаг, сумын наадамд жил бүр айргийн тавд хурдлуулж 2009 онд аймгийн алдарт уяач болжээ. Мөн 1998 онд сумын сайн малчин, 2011 онд аймгийн сайн малчин, 2012 онд аймгийн мөнгөн унаганы шагналыг тус тус хүртэж байсан бол ийнхүү энэ жил Улсын аварга малчин болж нутгийн түмнээ баярлууллаа. Мөн Тэлмэн сумын Баянтэгш багийн залуу малчин Сандагийн Батсүх, Тосонцэнгэл сумын Идэр багаас төрсөн улсын аварга малчин Буршаагийн Баярсайхан нарын шагналыг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар гардуулан өглөө. Тэлмэн сумын Баянтэгш багийн залуу малчин Сандагийн Батсүх нь 2009 онд аймгийн сайн малчин болсноосоо хойш тасралтгүй жил бүр 1000-аас дээш толгой мал тоолуулж, аймгийн хошой аварга малчин  аавынхаа хүслийг биелүүлж 43 насандаа Улсын аварга малчны болзлыг хангажээ.

Түдэвтэй сум энэ жил 11 мянгат малчинтай болжээ

Цэцэн-Уул сум энэ жил мал сүргээ таван толгой дээр нь 9.2 хувиар өсгөж 145.156 толгой мал тоолуулсан байна. 

Тус сум 33 мянгат малчинтай болжээ.  Энэ жил тус сумаас аймгийн аварга малчин дөрөв төрсний нэг нь Шотой дөрөвдүгээр багийн малчин Дагвадорж юм. Түүний аав Вандандорж сумынхаа анхны мянгат малчин болж байжээ. Дагвадорж гуай Цэцэн-Уул сумын Шотой багийн хоёр дахь аймгийн аварга малчин болж байгаа юм байна. Аймгийн аварга малчны болзлыг хангасан түүнд аварга малчны үнэмлэх, энгэрийн тэмдэг, цом, дурсгалын зүйлсийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан гардуулан өглөө. Харин Түдэвтэй сумаас энэ жил аймгийн аварга малчин дөрөв, сумын аварга малчин найм, сумын алдарт уяач тав, сумын тэргүүний хадланч нэг, сумын тэргүүний тохижилттой өвөлжөө нэг, аймгийн шилдэг хурдан морь унаач хүүхэд нэг гэхчлэн мянгат малчин 11 төржээ. Мөн тус сумын Шар нуруу багийн залуу малчин Пүрэвбазарын Чойдорж өнгөрсөн онд сумын сайн малчин болж байсан бол энэ жил амжилтаа ахиулж аймгийн аварга малчны болзлыг хангасан байна. Тэрээр Шар нуруу багаас төрж буй тав дахь  аймгийн аварга малчин юм. Олон жилийн хүч хөдөлмөрийнхөө үр дүнд энэ жил 800-аад хонь, 130 орчим адуу, 40 үхэр, 80 гаруй ямаа нийтдээ 1000 гаруй толгой мал тоолуулжээ. 

Сайн малчны хүү алтан хурганы эзэн боллоо

Завханы Тэлмэн сумын хувьд энэ жил мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж 161.700 толгой малтай болжээ.

Тус сум улсын аварга малчин нэг, аймгийн аварга малчин тавыг төрүүлсэн амжилтаар тахиа жилийг угтаж байна. Энэ жил аймгийн аварга малчны болзлыг хангасан Баянтэгш багийн залуу малчин Шаравсамбуугийн Баттулга, түүний гэргий Нэргүй нар мал сүргийнхээ тоо толгойд бус, чанарт нь анхаарч буйгаа шагнал авах үеэрээ онцоллоо. Аймгийн аварга залуу малчин Ш.Баттулга 2013 онд сумын сайн малчин болсон бөгөөд мал сүргээ дөрвөн төрөл дээр нь өсгөн үржүүлж  энэ жил 800 гаруй толгой малтай болжээ. Тэлмэн сумаас шалгарсан аймгийн аварга малчдын нэг бол 1987 онд илгээлтийн эзэн болсноосоо хойш мал сүргээ төрөл тус бүрээр нь өсгөж ашиг шимийг хүртэж байгаа Даваажавын Сайхансанаа юм. Тэрээр 2008 онд мянгат малчин болсон ч 2009-2010 оны зуданд нийт малынхаа 80 хувийг алдаж байжээ. Байгаль цаг уурын хатуу бэрхийг үл ажран зүтгэснийхээ үр дүнд энэ жил аймгийн аварга малчин болсон байна. Харин Тэлмэн сумааас төрсөн алтан төлийн эзэн бол Өгөөмөр багийн залуу малчин Жанцангийн Ёндонсамбуу юм. Аймгийн сайн малчин аавынхаа залгамж халааг авч яваа тэрээр 2010 онд аймгийн сайн малчин болж байжээ.  Алтан хурганы эзэн Ж.Ёндонсамбуу 2000 орчим толгой мал тоолуулсан бөгөөд энэ хавар 800 гаруй төл хүлээж авахаар бэлтгэлээ базаажээ.

Идэр сумаас аймгийн алдарт уяач хоёр төрлөө

Идэр сум энэ жил мөн л мал сүргээ таван толгой дээр нь өсгөн үржүүлж 130 орчим мянган толгой малтай болжээ.

Тус сумаас улсын аварга малчин нэг, алтан төлийн эзэн нэг, аймгийн аварга малчин тав, аймгийн алдарт уяач хоёр төрлөө. Энэ жил аймгийн аварга малчны болзлыг хангасан Мануустай багийн малчин Доржийн Баттөр 1980 онд илгээлтээр малчин болсноосоо хойш 37 дахь жилдээ мал маллаж буй ажээ. Түүний аав Дорж аймгийн хошой аварга малчин бөгөөд аавынхаа мал маллах ухааныг хүү нь өвлөж аймгийн аварга малчин болсон нь энэ юм.  Харин  тус сумын Загастай багаас аймгийн аварга малчны болзлыг Дуламын Мөнхтогтох хангалаа. Тэрээр 2005 онд сумын сайн малчин, 2015 онд сумын манлай малчнаар шалгарч байсан бол энэ жил ийнхүү аймгийн аварга малчин болжээ. Түүний эхнэр Ц.Наранцацрал 2016 онд сумын алтан төлийн эзэн болж байжээ. Идэр сумаас аймгийн алдарт уяачийн болзлыг хоёр уяач хангасны нэг нь аймаг бүсийн наадамд олон жил хурдан хүлгүүдээ сойж, айраг түрүү хүртсэн уяач Цэнд-Аюушийн Дашдондов юм. Түүнд аймгийн Засаг дарга аймгийн алдарт уяачийн улаан залаат малгай, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, цомыг гардуулан өглөө. Тэрээр 1987 оноос хойш тасгалтгүй таван насны морь уяж, 1995 онд сумын алдарт уяач болж байжээ. Сонирхуулахад Завхан аймаг хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавьсны үндсэн дээр орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг гадны зах зээлд борлуулах ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ жилийн улсын аварга малчдад Тосонцэнгэл суманд үйлдвэрлэсэн улаан халзтай өргөө цагаан гэр, аймгийн аварга малчдадаа Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыхаа өвөрт бэлчиж буй эцэг малын дүрс бүхий таван хошуу малын цомыг гардуулан өгсөн байна. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ