Улсын аварга малчин Сэрээгийн Дондогсамбууд шагналыг нь гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-21 00:06:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Малаа таван төрөлд өсгөж, мал аж ахуйн салбарт хувь нэмэр оруулсан 103 хүн “Улсын аварга малчин” болоод байна. Тэдгээрийн нэг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 3 дугаар багийн нутаг “Улиатайн тэмээн нулимс” хэмээх газар өвөлжиж буй малчин Сэрээгийн Дондогсамбуу юм.

Түүнд шагналыг гардуулахаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд тэргүүтэй албаны хүмүүс 2 сарын 19-ний өдөр Нарийнтээл сумыг зорьсон бөгөөд сумын төвөөс хойш хад асга ихтэй, цас цавцайтал дарсан 30 гаруй километрийг туулсны эцэст тэмээн чулуудаар “гоёсон” энгэр газар хүрэлцэн ирсэн нь Дондогсамбуу гуайн хот айл байв. Малчдын хэр ажилтай, амьдралтайг хашаа, хороо нь илтгээд өгдөг. Улсын аваргынх цэвэрхэн, цэлгэр, тохилог саравч, хороотой байх бөгөөд түүний гадна үхэр, хонь, ямаа зэрэг мал сүрэг налайж, морины уяан дээр хэдэн сайхан хүлгийг уяжээ. Энэ нь мэдээж хэрэг, эзэндээ “Улсын аварга” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээж байгаа буянт мал сүргээ баярын арга хэмжээнд “байлгах” гэсний илэрхийлэл билээ. Хэдийгээр нар тэнгэр голлож, цаг явсан ч тэдний мал сүрэг бэлчээрт яаралгүй “тухлах” нь онд мэнд, тарган тавлаг орж буйн шинж юм.

Гэрийн эзэн С.Дондогсамбуу тун сүрхий яриатай хүн аж. Ялангуяа сэтгүүлч бидний асуултанд шагхийтэл хариулж байгаа нь түүний урд өмнөх туршлагатай холбоотой. Тодруулбал тэрбээр сумын төвд жолооч, байгаль хамгаалагч, багийн даргаар ажиллаж байсан, 2015 онд “Аймгийн сайн малчин” цолоор шагнуулсан, түүнчлэн түүний ах Ч.Дэгддорж нь мөн онд “Улсын аварга малчин” цол тэмдэг гардан авч байсан зэрэг олон амжилт, ололтоос хэдийн “нүүр хагарчээ”.

“Анх 1986 онд эхнэртэйгээ гэр бүл болоход аав маань 3 хонь, 6 хар ямаа, нэг гүү, нэг морь, нэг хайнаг, нэг үнээ өгч байсан. Одоо 160 гаруй үхэр, 150 гаруй адуу, 980 хонь, 700 гаруй ямаатай боллоо. Малын тоо толгой хонь жилд 1793 байсан бол бич жилд 2007 болж өслөө. Аав, ээжийнхээ ариун цагаан буяныг таслалгүй өсгөж үржүүлэх нь миний зорилго” хэмээн хэлж байлаа.

С.Дондогсамбуу гуайнх олон малтайгаас гадна олон хүүхэдтэй айл байв. Дөрвөн хүү, дөрвөн охинтойгоос “Шонхор” дээд сургуулийг төгссөн бөх хүүгээ онцлон малчин болгож, мал хуй, гал голомтоо өвлүүлэхээ гэрийн эзэгтэй хэлж байсан. Аварга өөрөө эцэг эхээс арвуул бол эхнэр нь есүүл аж.

Энэ жил улс, аймагтаа тэргүүлсэн малчдыг “Аварга” хэмээх урьдын нэршлээр цоллож, улаан халзтай өргөө цагаан гэрээр дахин мялааж эхэлснийг таашааж байгаагаа малчид хэлж байв. С.Дондогсамбуу гуайн малч хөдөлмөрийг үнэлэн төр засгаас шагнаж буй “Улсын аварга малчин”-ы тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халзтай таван ханат гэрийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаас илгээсэн гарын бэлгийг гардуулсан бол Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын “Батламж”, дурсгалын зүйл, Өвөрхангайд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг аймгийн Засаг дарга Г.Ганболд, сумын ИТХ, ЗДТГ-ын дурсгалын зүйлийг сумын Засаг дарга Б.Сугар нар тус тус баяр хүргэн гардууллаа. Шагналын эзэн сэтгэгдлээ хуваалцахдаа “Энэ сайхан өргөө гэрт айраг цагаа цэлэлзэж, дуу хуур эгшиглэж байгаасай. Аягаа хагалсан хүүхэд олонтой, уургаа хугалсан адуу ихтэй байх болтугай” хэмээн ерөөгөөд улс, аймгийн аварга малчдыг олноор төрүүлж, малчин түмнийхээ урмыг сэргээж байгаарай гэж захисан юм.

Өргөө гэрийн жаврыг үргээж МУСТА Б.Батболд, Л.Нарантуяа, Нарийнтээл сумын уран сайханчид ая дуугаа өргөн эгшигэн хадаг барилаа.

Улсын аварга малчин С.Дондогсамбуу:

- Та богино хугацаанд малаа өсгөж, өнөөдрийн энэ сайхан амжилтанд хүрлээ. Баяр хүргэе?

- Би 1986 онд гэр бүл болохдоо эцэг, эхээс гарын арван хуруунд тоологдох цөөн мал авч байсан. Дараа нь цэрэгт яваад цэргээсээ жолооч болж, байгаль хамгаалагч, багийн дарга гээд олон ажил хийсэн.

2000 онд мал дээр гарч 17 жилийн хугацаанд малаа 2007 тоо толгойд хүртэл өсгөөд байна. Малчин хүнд нойргүй хонох шөнө их байдаг. Хавар мал төллөх цагаар нэг өдөрт 30-40 ямаа ишиглэнэ. Нэг өдөр төллөөд дуусахгүй, маргааш нь дахиад л үргэлжилнэ. Бэрхшээлийг туулж гарахаасарагш суух эрх бидэнд байхгүй. Манайх малаа нялхаас нь хөрвийн аргаар бойжуулчихдаг.

- Малчин бүрт мал маллах арга барил байдаг. Таны хувьд...?

- Хүйтэн сэрүүн газар байдаг болохоор малаа эхэлж салхийг нь сөргөөж бэлчээгээд жаахан дааруулсны дараа нөмөр нөөлөгтэй газар оруулдаг. Тэгвэл арай өлчир байдаг юм.

“Хужир турахад тушаа, таргалахад ташуур” гэж, би хужир л их хэрэглэдэг дээ.

- Малаа чанаржуулахад хэр анхаарч байна вэ?

- 2000 оноос хойш тасралтгүй мал маллаж байнаж байгаа. Малаа өөрөө чанаржуулдаг. Ховдын Алтай сумаас “даардаггүй, хөрдөггүй” ноолуур сайтай ухна, Өвөрхангайн Хархорин, Бүрдээс бие том, төл сайтай хуц авчирдаг. Сүхбаатар, Дорноговиос адуу авчирч байна. Малаа чанаржуулахад анхаарч байгаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ