ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэх нь биднээс шалтгаална гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-19 18:26:27

Монгол Улс, ОУВС-гийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрахаар болсонтой холбогдуулж Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай нар сэтгүүлчдийн асуусан хариулт өгөв.

-УИХ-аас халамжийн чанартай хэд хэдэн хуулийг баталсан.  Эдгээр хууль яаж хэрэгжих вэ?

Б.Чойжилсүрэн: -Нийгмийн халамжийг танахыг Засгийн газар, ОУВС аль аль урьдал болгоогүй. Насны хишгийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийн хугацааг 36 сараар хэвээр нь мөрдөнө. ХАА-н салбарын дэмжлэгийг үргэлжлүүлэн олгоно. НӨАТ-ыг 13 хувь болгох гэж байсныг 10 хувьд нь авч үлдэхээр тохиролцоонд хүрсэн.

-Их хэмжээний валют гадагш гаргахгүй гэж байна. Ирэх сард төлөх 580 сая ам.долларын зээлийн төлөлтийг хийхгүй гэсэн үг үү. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь үгүйсгэгдэж байна вэ?

Б.Чойжилсүрэн: Хөтөлбөр хэрэгжих 3 жилийн хугацаанд гурван том бондын эргэн төлөлт хийнэ.

Эхлээд 580 сая ам.доллар буюу “Евро" бонд, хоёрдугаарт 2018 оны 1 дүгээр сарын 5-нд төлөх “Чингис бонд”-ын эхний 500 сая ам.доллар, гуравдугаарт 1 тэрбум юаньтай тэнцэх “Дим сам бонд”-ын төлөлт хийх юм.

580 сая ам.долларын бонд бол Засгийн газрын бонд биш. Хөгжлийн банкны бонд. Энэ бондыг тодорхой бондоор сольж, төлбөрийг хийхээр болсон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь зогсоно гэсэн тооцоолол гаргаагүй.

-ОУВС-гаас орж ирэх санхүүжилт ямар шатлалаар орж ирэх вэ. БНХАУ-аас авахаар ярьж буй зээл энэхүү багцад туссан уу. Зээлийн хүү ямар байх бол?

Коши Матай: -ОУВС нь санхүүжилтийг нэг дор хийдэггүй. Хөтөлбөрийн хүрээнд тусгасан арга хэмжээ хэр үр дүнтэй хэрэгжсэнээс хамаарч санхүүжүүлтүүд хуваарийн дагуу хийгдэх болно. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд санхүүжилт тодорхой шатлалаар орж ирнэ. ОУВС-гийн хувьд үнэлгээгээ 3 сараар хийнэ. Зээлийн хүү хөвөгч хүүгээр бодогдоно. Гэхдээ 2-иос илүүгүй байх юм. Энэ хөтөлбөр нь “Стэнд бай” хөтөлбөртэй харьцуулвал төлөлтийг 10 жилийн хугацаанд хийх боломжтойгоороо давуу талтай.

Н.Баяртсайхан: -Монголбанк БНХАУ-ын Ардын банктай свопын хэлэлцээртэй. Хэлэлцээрийн хугацаа 8 дугаар сард дуусна. Энэ хугацааг сунгахаар ажиллаж байна. Тодорхой үйл явдлаас болоод хэлэлцээ зогсонги байдалд орсон байсан. Гэтэл өнөөдөр тус улсын Ардын банкнаас своп хэлэлцээрээ цааш нь ярья гэсэн саналаа цахим шуудангаар ирүүлсэн байна. Энэ асуудал дээр ОУВС-гийнхан их тусалсан. АСЕМ-ын үеэр тус улсын Ерөнхий сайд, "Свопын хэлэлцээрийн хугацааг сунгаж, 10 тэрбум юаньд хүргэнэ” гэж хэлсэн. Тиймээс свопын хэмжээг 10 тэрбум юаниар, хугацааг 3 жилээр сунгахаар яриа хэлэлцээ эхлүүлнэ. Гадаад харилцааны сайд ирэх 7 хоногт БНХАУ-д айлчилна. Айлчлалын дараагаар асуудлыг өргөн хүрээнд яригдана байх гэж бодож байна.

-Татвар нэмснээр төсвийн орлого хэрхэн нэмэгдэх вэ. Хүүхдийн мөнгийг 2019 оноос бүх хүүхдэд олгоно гэж байгаа. Энэ хөрөнгийг яаж шийдэх вэ?

Б.Чойжилсүрэн:  -Татвар нэмснээр 2017 онд 203.4 тэрбум, 2018 онд 476.1 тэрбум, 2019 онд 497.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь бэлнээр, 40 хувьд нь 2019 оноос нөхөн олгохоор шийдвэрлэсэн байсан. Нөхөн олгохоо боль. Одоо хүүхдийн мөнгө авч байгаа 60 хувийг 40 болго. Хэмнэлт гарсан 20 хувьд хоолны талон өг гэсэн бодлого хэрэгжинэ. Гэхдээ хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 оны төгсгөл, 2018 оны эхэн гэхэд хувийн хэвшлийнхний нөхцөл их сайжирна. 

-Сангийн яам төсвийн тодотголоо хэзээ өргөн барих вэ?

Б.Чойжилсүрэн: Сангийн яам ирэх долоо хоногийн лхагва гарагт хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсвийн тодотголын асуудлыг оруулна. Ээлжит бус чуулган зарлах эсэхийг УИХ-ын удирдлага шийднэ.

-Тэтгэврийн насыг нэмэх тухайд ямар тайлбар өгөх вэ?

Б.Чойжилсүрэн:  -Тэтгэврийн сан асар их алдагдалтай болсон. Хоёрдугаарт насжилт уртасч байгаа болохоор тэтгэврийн насыг нэмсэн.

-Энэ тохиролцоо ажлын түвшинд гарсан тохироо юм байна. Захирлуудын зөвлөл асуудлыг баталгаажуулахгүй бол яах вэ?

Коши Матай: Захирлуудын зөвлөл эцсийн шийдвэрийг гаргана. Захирлуудын зөвлөлийн хурлын өмнө хоёр асуудлыг хийж гүйцэтгэсэн байх юм. Хөрөнгө оруулагчдын баталгаа гаргаж, Монгол Улсын Засгийн газар урьдчилсан нөхцлөө хийж гүйцэтгэсэн байх ёстой.

-Хөтөлбөр хатуу шаардлагатай байна. Иргэдийн дунд тэвчээр алдагдаж, Засгийн газар огцрох, цаашилбал улс төрийн тогтворгүй байдал үүсэх юм биш үү?

Б.Чойжилсүрэн: -Хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэх нь биднээс хамаарна. Улстөрийн нөхцөл байдал гайгүй биз дээ. Энэ тал дээр тодорхой байр суурь илэрхийлэх хэрэггүй гэж бодож байна. 

 

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ