Цахим орчны эерэг хандлага, зөв хэрэглээг эзэмшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-17 10:05:05

Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхэд өсвөр үеийнхнийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эерэг хандлага, зөв дадал хэвшлийг бий болгох, энэ талаарх мэдээ мэдээллийг хүүхэд эцэг, эх анги удирдсан багш, бусад талуудад түгээх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлж салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулав.

Энэ үеэр цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхдийг хамгаалах нь, сургуулийн орчин дахь гар утасны хэрэглээ хязгаарлалт, цахим донтолт, түүнээс урьдчилан сэргийлэх ба анхаарах асуудал, цахим орчны зөв хэрэглээг сургуулийн орчинд төлөвшүүлэх нь зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл өглөө. Сургалтанд эцэг, эх, багш, цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгчид оролцож санал бодлоо солилцож цаашид цахим орчны эерэг, зөв хандлага, хэрэглээг эзэмшүүлэх талаар ярилцав.

Тус аймгийн хэмжээнд 25 цахим тоглоомын газар ажилладаг бөгөөд Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг 12 газарт хууль хяналтын холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж 9 газрын үйл ажиллагааг түр зогсоосон ажээ. 2014-2015 онд тус аймагт цахим орчинтой холбоотой насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг 3 бүртгэгдсэн бол өнгөрсөн онд онцгой анхааран  ажилласны үр дүнд ямар нэгэн цахим орчинтой холбоотой гэмт хэрэг гараагүй ажээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ