“Амиа хорлогчдын салаа”-ны үргэлжлэлийг М.Гибсон найруулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-16 13:36:08

НЬЮ-ЙОРК./ТАСС/. Холливудын “Warner Bros” кино студи “Амиа хорлогчдын салаа” (Suicide Squad) уран зөгнөлт тулаант киноны хоёрдугаар ангийг найруулах саналыг жүжигчин, найруулагч бөгөөд продюссер Мел Гибсонд тавьжээ.

“The Hollywood Reporter” сэтгүүлд бичсэнээр, М.Гибсон одоогоор холбогдох баримт бичгүүдтэй танилцаж байгаа бөгөөд уг кино төсөл дээр ажиллах эсэхээ хараахан шийдээгүй байна.

Найруулагч Дэвид Эйрийн “Амиа хорлогчдын салаа” кино 175 сая ам.долларын өртгөөр бүтсэн бол дэлхий даяар нийт 745 сая гаруй ам.долларын орлого олжээ. Холливудын алдарт жүжигчид болох Уилл Смит, Марго Робби, Жаред Лето, Виола Дэйвис нарын тоглосон уг кинонд онцгой ур чадвартай хорон санаатнуудын талаар өгүүлнэ. Эрх баригчид тэдэнд гэмээ цайруулах боломж олгож, биелэгдэшгүй даалгавар гүйцэтгэхийг үүрэг болгодог.

Өдгөө 61 настай жүжигчин Мел Гибсон 50 гаруй кинонд дүр бүтээжээ. Тэрбээр 20 гаруй нэр хүндтэй шагналыг хүртэж байсны дотор “Хатан зоригтон” киногоороо Оскарын “шилдэг найруулагч” болон “шилдэг кино”-ны шагналуудыг хүртэж байлаа.

Түүний хамгийн сүүлд найруулсан “Hacksaw Ridge” гэдэг цэрэг дайны сэдэвт кино нь Оскарын шагналын зургаан номинацид нэр дэвшээд байна.

89 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд Холливудын Долби театрт болно.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ