Олимпын 5 удаагийн аварга Б.Виггинс телевизийн шоуны үеэр хөлөө хугалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-02-13 12:23:43

МОСКВА. /TASS/. 2016 оны 12 дугаар сарын сүүлчээр спортоо орхисон Олимпын таван удаагийн аварга, Британийн дугуйчин Брэдли Виггинс “The Jump” спортын шоуны бичлэгт орж байгаад хөлөө хугалжээ.

Энэ тухай тэрбээр Twitter-тээ бичжээ.

Өдгөө 36 настай Виггинс бэлтгэл хийж байгаад хөлөө бага зэрэг гэмтээсэн тул зураг авалтыг зогсоохоос аргагүйд хүрчээ. “Би гурваас зургаан долоо хоногийн хугацаанд амрахаас өөр аргагүй боллоо. Сайн мэдээ гэвэл надад мэс засал хийлгэх шаардлагагүй гэсэн. Сүйдтэй юм болоогүй, гэхдээ зураг авалтанд цаашид оролцох боломжгүй боллоо” гэж тэрбээр бичсэн байна.

“The Jump” бол Их Британийн телевизийн шоу нэвтрүүлэг бөгөөд түүнд оролцож буй нэр алдартай хүмүүс өвлийн спортын янз бүрийн төрлөөр өөрсдийгөө сорьдог ажээ. Энэ удаад Виггинс уулын цанын бэлтгэл хийж байгаад гэмтэл авчээ.

Үүнээс өмнө энэхүү шоуны зураг авалтад оролцож байсан гимнастикийн спортын дэлхийн гурван удаагийн аварга Британийн тамирчин Элизабет Твиддл хүзүүндээ ноцтой гэмтэл авч, улмаар мэс засалд орж байжээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ