“Миний дуунууд” тоглолт 17 дахь жилдээ эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-19 17:34:12

УГЗ, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2015” уран бүтээлийн тайлан тоглолт сарын 22-24-нд “UB Palace”-ийн концертын их танхимд үзэгч, сонсогчдын хүртээл болно.

Тэрбээр 1999 онд “Сэтгэлийн хөг” хэмээх анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо дуунд дуртай үзэгч сонсогчиддоо толилуулсан нь өнөөдрийн “Миний дуунууд” тоглолтын эхлэл болж байв. Тоглолтын онцлог нь хөгжмийн зохиолчийн дууны болон хөгжмийн цоо шинэ уран бүтээл болон шилдэг бүтээлүүд нь үзэгчдэд хүрдэг бөгөөд мөн олон улсын дуучид хүрэлцэн ирж Монголын үзэгчидтэй мэндчилдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев хүрэлцэн ирж хөгжмийн зохиолчийн цоо шинэ уран бүтээл болох “Улаанбаатарын дагина” дуугаа анхлан тайзнаа дуулах бол ӨМӨЗО-ы дуучин Цэцэгмаа үзэгчдийн сайн мэдэх “Хатан тэнгэр ижий”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” дууг оркестр хөгжимтэй хамтран  дуулах юм. 

Тоглолтод Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг дуучид оролцох юм. Тухайлбал, “Чингис хаан” хамтлагийн дуучин, МУГЖ Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Дашдондог, “Ахмадын золбоо” хамтлаг, ОХУ-ын Буриад Улсын Гавьяат жүжигчин, МУСТА Б.Амархүү, Влада Комлева, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА Б.Жавхлантөгс, “Мотив” хамтлагийн дуучин МУСТА Т.Ганбаатар, дуучин Э.Төрмандах, дуучин Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, Ч.Очгэрэл, “S4” хамтлаг, “Universe Best Songs-2015” наадмын Гранпри шагналт Б.Билгүүн, “Хувьсал” продакшны бүжигчид, ҮДБЭЧ-ын найрал хөгжимчид, бүжигчид ХБК-ийн симфони оркестр тус тус оролцоно. 

Тоглолтын тасалбар 20 мянга, 30 мянга гэсэн үнийн сонголттойгоор UB Palace-ийн билетын касс, “Hi-Fi” CD Shop-оор болон 1900-1188, 1900-1617 үнэгүй хүргэнэ. Мөн www.easyticket.mn сайтаар захиалах боломжтой. 

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ