Ногоон бүс дэх зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-02-10 10:52:06

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ногоон бүс дэх халиун буга, бор гөрөөс, аргаль хонь зэрэг ан амьтдаа хамгаалах зорилгоор биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх ажлыг “Амьтны тухай хууль”-д биотехникийн арга хэмжээ хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ хэмээн заасны дагуу дээрх ажлыг өрнүүлжээ.

Өвөлжилт хүндэрхэд цас зуднаас шалтгаалан идэш тэжээл хайж, суурьшлын бүс рүү орж ирдэг зэрлэг амьтдын дийлэнх нь нохойнд бариулж, багагүй хувь нь хүний үйл ажиллагааны золиос болж тоо толгой нь цөөрдөг. Биотехникийн арга хэмжээ нь уг нөхцлийг арилгахад чухал нөлөөтэй гэдгийг мэргэжилтнүүд тодотголоо.

Нийслэлийн Байгаль орчны газар, ан амьтны мэргэжлийн байгууллага, байгаль хамгаалагчдын хүч оролцоотойгоор хийсэн тус ажлыг цаашид тогтмолжуулж, иргэдийн оролцоотойгоор жил бүр хийх юм байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ