Бичил уурхай эрхлэдэг хүмүүст сургалт явуулахаар болжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2017-02-09 07:23:21

Өмнөговь аймагт бичил уурхай эрхлэдэг болон бичил уурхай эрхлэх боломжтой хүмүүст сургалт явуулахаар боллоо.

“Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-ны төлөөлөлтэй Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, уул уурхай эрчим хүчний бодлогын мэргэжилтэн Э.Ганхуяг нар уулзаж бичил уурхайг хууль эрх зүйн орчинд хэрхэн зохион байгуулах боломж байгаа талаар ярилцлаа. Аймгийн хэмжээнд нэгдсэн нэг бодлого боловсруулж, эрх зүйн орчинд хамтран ажиллаж, тус аймгийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Гурвантэс гэх мэт бичил уурхай эрхлэх боломжтой сумдад мэргэжлийн хүмүүс сургалт зохион байгуулахаар болсон байна. Мөн иргэдээ хамгаалах, байгалийн нөхөн сэргээлт хийхэд бичил уурхайчдын хариуцлагыг өндөржүүлэх тал дээр анхаарч ажиллах ажээ.

Бичил уурхай эрхлэгчид хоршоо, бүлгийн зохион байгуулалтад орж үйл ажиллагаагаа хууль эрх зүйн хүрээнд явуулахад төр, төрийн бус байгууллага, Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо  хамтран ажиллахаар болов.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ