LG-гийн дэлгэц wi-fi чиглүүлэгчийн дэргэд унтарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-02-06 16:33:41

СӨҮЛ./ВВС/. Шинэ бүтээгдэхүүн болох өндөр үнэтэй компьютерын дэлгэц нь wi-fi буюу утасгүй интернэт чиглүүлэгчийн ойролцоо ажиллахгүй байгааг Өмнөд Солонгосын цахилгаан бараа үйлдвэрлэгч “LG” компани хүлээн зөвшөөрлөө.

“LG Ultrafine 5K” дэлгэц нь ойролцоогоор 900 фунт стерлингийн үнэтэй бөгөөд энэ нь Mac үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд зориулсан дэлгэц юм.

Wi-fi чиглүүлэгчийн ойролцоо компьютерыг байрлуулахад дэлгэц нь анивчиж, унтарч байгааг хэрэглэгчид анзаарчээ. Зарим хэрэглэгч энэ талаар Америкийн “Apple” компанийн цахим хуудсанд бичсэн байна.

“LG” компани мэдэгдэхдээ “дэлгэцийн байршлыг өөрчлөх хэрэгтэй” гээд, хэрэглэгчдээсээ уучлалт гуйлаа.

Тус компанийн мэдэгдэлд “Wi-fi чиглүүлэгч эсвэл дэлгэцийн байршлыг өөрчилснөөр асуудлыг шийдвэрлэх боломжтой. 2017 оны хоёрдугаар сараас хойш үйлдвэрлэсэн Ultrafine 5K монитор нь цахилгаан соронзон долгионоос хамгаалах “сайжруулсан хамгаалалт"-тай байх болно. Асуудал үүссэн тохиолдолд “LG” компанид хандаарай” гэжээ.

 Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ