Гильдийн шагналын гол номинацид Дэмьен Шазелл тэргүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-02-06 14:22:42

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Ла Ла Ленд” /La La Land/ мюзиклын найруулагч Америкийн иргэн Дэмьен Шазелл АНУ-ын кино найруулагчдын хувьд хамгийн нэр хүндтэй шагнал болох Гильдийн шагналыг /Directors Guild Awards, DGA/ хамгийн гол номинацид хүртлээ. Энэ номинацийн шагналыг кино урлагт гаргасан амжилтын төлөө олгодог байна.

Уг шагналыг Шазеллд гардуулахаар болсныг Лос-Анжелес хотод /Калифорни муж улс/ болсон Гильдийн шагнал гардуулах 69 дэхь удаагийн ёслолын үеэр зарлажээ.  

Тогтсон уламжлал ёсоор өмнөх улирлын шагналын эзэн болох Мексикийн найруулагч Алехандро Гонсалес Иньярриту энэ улирлын шагналыг Д.Шазеллд гардуулжээ.

“Урлагийн төрлүүдэд бүгдээрэнд нь бага боловч улс төрийн хэмжээс байдаг гэдэгтэй би санал нийлдэг. Урлагийн бүтээл нь дөнгөж гарав уу үгүй юу манай дэлхийн нэгэн хэсэг нь болдог” хэмээн Шазелл ярьжээ. Тэрбээр “Урлаг болон киноны асуудлаар үндэстэн хоорондын яриа хэлэлцээний бүрэлдэхүүн хэсэг байх”-ыг мөрөөддөг гэдгээ нэмж хэлжээ.

Шазеллтэй өрсөлдсөн найруулагчдыг нэрлэвэл, “Сарны туяа” /Moonlight/ драмыг найруулсан Aмерикийн найруулагч Барри Женкинс, “Хүрэлцэн ирсэн нь” /Arrival/ киног найруулсан Kанадын Дени Вильнев, “Далайн эрэг дэх Манчестер” /Manchester by the Sea/-гээр Кеннет Лонерган, “Арслан” /Lion/-оор Австралийн Гарт Девис нар юм. Дашрамд хэлэхэд, Гарт Девис шилдэг шинэ найруулагчаар тодорсон байна.

Райан Гослинг, Эмма Стоун нарын тоглосон “Ла Ла Ленд” хөгжмийн кинонд жүжигчний карьераа дөнгөж эхэлж буй жүжигчин эмэгтэй, жааз хөгжимчин залуу хоёрын хайр сэтгэл хэр бат бөх болохыг тайзны урлагт гаргасан амжилт нь туршин шалгаж байгаа тухай өгүүлдэг.

Үүнээс өмнө энэхүү мюзикл Америкийн киноны “Алтан бөмбөрцөг” шагналыг бүх долоон ангилалд хүртсэн билээ. Ийм амжилтанд урьд өмнө нь “Хөхөөний үүрэн дээгүүр нисч  явахад” /One Flew Over the Cuckoo’s Nest, 1975/, “Шөнө дундын хурдан галт тэрэг” /Midnight Express, 1978/ кинонууд маш дөхөж байжээ. Эдгээр кинонууд тус бүр зургаан удаа “Алтан бөмбөрцөг”-ийг хүртэж байв.

О. Барс

 


 

Холбоотой мэдээ