АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээ авлаа

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-02-04 13:18:36

ВАШИНГТОН. /Reuters/. Иран улс саяхан баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Тегераны эсрэг хариу арга хэмжээ авлаа.

АНУ-ын Засгийн газрын мэдэгдсэнээр, Ираны 13 иргэн болон 12 аж ахуйн нэгжийг хар дансанд нэмжээ.

Хориг арга хэмжээний хүрээнд эдгээр хувь хүн, аж ахуйн нэгжийн АНУ дахь дансыг хааж, хөрөнгийг битүүмжилж, Америкийн компаниудтай санхүүгийн гүйлгээ хийхийг хориглосон байна.

Иран улс өнгөрсөн долоо хоногийн ням гарагт нэг баллистик пуужин харван туршсан юм. Пуужин харвасныг Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн зэмлэн буруушаахын сацуу АНУ цаашид Иранд шахалт үзүүлэх болно гэв.

АНУ шинээр хориг арга хэмжээ авсантай холбогдуулан Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф твиттер хуудсандаа “Иран улс сүрдүүлгээс айхгүй. Манай улс хэзээ ч дайн өдөөхгүй. Манай улс өөрийгөө хамгаалахаас бусдаар хэзээ ч бусдын эсрэг зэвсэг ашиглахгүй” гэж бичжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ