Украины АН-26 онгоцны гаргасан аюултай үйлдлийг Оросын тал буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-02 11:02:17

МОСКВА. /TASS/.  Хар тэнгис дэх Оросын өрмийн цамхагуудын ойролцоо Украины АН-26 нисэх онгоцны гаргасан үйлдэлтэй холбогдуулан ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины цэргийн атташед албан ёсоор эсэргүүцэл илэрхийллээ. Энэ тухай тус яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков сэтгүүлчдэд мэдээлэв.

“Лхагва гарагийн орой ОХУ-д суугаа Украины элчин сайдын яамны цэргийн атташег ОХУ-ын Батлан хамгаалах яаманд дуудан ирүүлсэн. 2 дугаар сарын 1-ний өдрийн 11:30-аас 12:00 цагийн хооронд Оросын “Таврида”, “Крым-1” өрмийн цамхгийг тойрон Украины АН-26 онгоц маш нам өндөрт нисч өнгөрсөн нь эдгээр тоног төхөөрөмж болон ажилчдын аюулгүй байдалд заналхийлэл учруулсан үйлдэл гэж үзэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн” хэмээн тэрбээр хэллээ.

Лхагва гарагийн үдээс өмнө Оросын Хар тэнгисийн флотын төлөөлөгч мэдэгдэхдээ "Украины АН-26 онгоц Хар тэнгист байрладаг Оросын өрмийн хоёр цамхагийг чиглэн маш нам өндөрт хоёр удаа өдөөн хатгасан нислэг үйлдсэн" гэжээ. Мөн тэрбээр АН-26 онгоц руу буудсан гэж Украины тал мэдэгдсэн нь “ор үндэсгүй зүйл” гэдгийг дурдлаа.

ОХУ-ын Хар тэнгисийн флотын штабын төлөөлөгчийн хэлснээр, Украины Ан-26 онгоц хоёр дахь удаагаа нисэн ирэх үед нь өрмийн цамхагтай мөргөлдөж, осол гарахаас сэргийлэх үүднээс өрмийн цамхагийн хамгаалалтын ажилтан “дохионы гар буугаар” дөрвөн удаа буудаж сэрэмжлүүлэг өгсөн байна.

                                                                                                                          О.Барс

 

 

Холбоотой мэдээ