Малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр багасгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар С.Чинзориг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл, ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан тэтгэвэр эрт тогтоолгох болзол нөхцлийг зохицуулсан байдаг. Гэсэн хэдий ч энэ зохицуулалт нь байгаль, цаг уурын хараат байдалд биеийн хүчний хүнд хөдөлмөрийг ажил амралтын горимгүй ажилладаг малчдад хамаардаггүй байна. Малчид эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол түгээмэл байгаа юм. Тиймээс малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр багасгахаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, малчид эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарах юм.
Нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гардаг. Гэвч хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдож нийгмийн баталгаа нь алдагддаг байна. Тиймээс эхчүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын сангаас тасалдуулахгүй төлөх, төрүүлсэн хүүхдийн тоогоор 1,5 жил нэмж тооцохоор тусгасан. Түүнчлэн сайн дураар даатгуулсан эхчүүдэд 75 хувиар бодож олгодог жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг 100 хувьд хүргэхээр тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах болов.
Ч.Ариунболд