Стратегийн ордыг төр эзэмшиж, эдийн засгийн хараат бус байдлаа хангах ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-31 11:49:16

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” дэх “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувьд хийсэн шалгалтын дүнг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах нь зөв гэсэн дүгнэлт гаргасан. Үндсэн хуульд "УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Мөн Компанийн тухай хуульд “Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна” гэж заадаг. Гэвч дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн хэмээн үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эргүүлж авахаар ярилцаж байгаа нь төр хувийн хэвшлийн өмчид халдсан үйлдэл. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхдээ эзэмшигч талынх нь төлөөллийг оролцуулах хэрэгтэй. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн буруутай эсэхийг шүүхийн байгууллага тогтоодог. УИХ шүүхийн өмнүүр орж асуудалд хандах ёсгүй. Түүнчлэн тус үйлдвэрт шахааны бизнес хөгжсөн гэж ярьдаг. Тиймээс төрийн өмчийн 51 хувийг мөн шалгах хэрэгтэй” гэсэн санал хэлсэн.

Үндсэн хуулийн дагуу төрийн өмчийг ард түмнийг төлөөлж УИХ хариуцахаар заасан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлээд, “УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Энэ байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн өмчтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Хувийн өмч хэнд ч шилжиж болно. Стратегийн ордыг төрийн эзэмшилд байлгаж, хөрш орнуудаасаа эдийн засгийн хараат бус байдлаа хангах ёстой” хэмээв. Тэрбээр, “Монгол зэс” компани 2012-2013 онд Оросын талд шилжүүлэх байсан 55 сая ам.долларын ногдол ашгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байна. Тухайн үед уг үйлдвэртэй ямар ч холбоогүй байсан хэрнээ энэ мөнгийг өөрийн мэдэлдээ шилжүүлэн авсан шалтгаан нь юу вэ” хэмээн тодруулав.

“Монгол зэс” болон ОХУ хооронд байгуулсан худалдан авах гэрээнд 2012-2013 оны ногдол ашгийг тус корпорацид шилжүүлэхийг зөвшөөрсөн байсан хэмээн Ажлын хэсгээс хариулав.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Эрдэнэт үйлдвэр” дэх төрийн өмчийн 51 хувийг жичдээ ажлын хэсэг гаргаад шалгаж болно. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Нэн тэргүүнд төрийн өмчийг буцааж авах ёстой” гэсэн байр суурь илэрхийлэв.

Түүнчлэн Ж.Батзандан гишүүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьчлалд Д.Эрдэнэбилэг гэж хүний нэр холбогдоод байгаа. Энэ хүн Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкинд их хэмжээний хувьцаа эзэмшдэг. Төрийн өмчийг хулгайн замаар авсан байна. Энэ үйлдлийг нэн даруй таслан зогсоох нь зөв” гэлээ. Ж.Ганбаатар гишүүн түүний хэлснийг дэмжээд, “Монгол төр нэг хүний эрх ашигт үйлчлэх ёсгүй” хэмээв.

Ийнхүү Хууль зүйн байнгын хороо ажлын хэсгийн санал дүгнэлтэд тулгуурлан “Шийдвэрийн төсөл” боловсруулж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх болов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ