Завханд түлшний үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-31 02:46:48

Завханы төв Улиастай сум таван мянга гаруй айл өрхтэй. Түлшний мод нүүрс хэрэглэхгүй  ААН байгууллага гэж нэг ч үгүй. Тийм ч учраас түлшний хувьд томоохон асуудал байсаар  байна. 

Харин энэ  асуудлаа  бүрэн  шийдэж  хөнгөлөлттэй үнээр түлш зардаг түлшний  захыг гурван жилийн өмнө  албан ёсоор  нээсэн. Гэтэл энд ямар ч түлш зардаггүй хоосон хашаа л байсаар гурван жил болжээ. Хувиараа машин дээрээ түлш зарсан иргэд зам дагуу зогссоор дуртай үнээ хэлэн борлуулдаг байна. Энд түлшний үнийн хяналт ч байхгүй. Зах зээлийн жамаар л иргэд түлшний үнийг хэлснээр нь л худалдаж авдаг байна. Түлшний ченжүүд өвлийн дунд сар, түлш ховордсон үеэр далимдуулан намар зарж байсан үнээс даруй 30 мянган төгрөгөөр түлшний үнээ нэмжээ. Өнгөрсөн намар ЗИЛ 130 машин  мод 450-500 мянга төгрөг,  нэг  портер мод 300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо нэг портер машин мод 370-400 мянган төгрөгт хүрчээ. Харин нүүрс жижиглэнгээр борлуулдаггүй ажээ.

Завхан аймагт өнгөрсөн онд 50,16 шоо метр мод хууль бусаар бэлтгэснийг хураажээ

Хэрэглээний мод бэлтгэлийн талаарх мэдээллийг сонирхвол өнгөрсөн онд аймгийн хэмжээнд хэрэглээний мод 29387м3, түлээний мод 93080 м3 мод нийт 122467м3 мод бэлтгэх дээд хязгаарыг баталжээ. Үүнээс 3338.9м3м  модыг хэрэглээ, 29966.8м3 түлээ, нийт 32868.7 м3 мод бэлтгэж татварт 194 459 500 төгрөгний орлого оруулсан байна.  Харин ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт аймгийн хэмжээнд 372 га талбайгаас 6407м3 хэрэглээ, 16327 м3 түлээ нийт 22734 м3 мод бэлтгэсэн байна. Ойн цэвэрлэгээ хөтөлбөрт 40 аж ахуй нэгж, 12 нөхөрлөл 512 иргэн хамрагдсан байна.

Дашрамд 2016 онд байгалийн нөөц баялгийг хууль бус ашигласан 199 зөрчил илэрч зөрчлийг арилгуулахаар байгаль орчны хяналтын улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлснээр 187 зөрчил нь арилсан байна. Үүнээс хууль бусаар 50,16 м3 мод, 500кг арц хурааж 1,3 сая төгрөгийг улсын орлогод оруулжээ.     

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ