Шилэн дансны хууль зөрчсөн дарга нарт шийтгэл ногдуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 10:41:16

Төсвийн ил тод байдлыг хангаж ажиллаагүйн улмаас бүх сумын Засаг дарга, зарим төсөвт байгууллагын даргад аймгийн Засаг дарга хариуцлага хүлээлгэсэн байна.  

Аймгийн Засаг даргын захирамжаар төсөв санхүүгийн ил тод байдлыг үл хангаж, шилэн дансанд байршуулбал зохих мэдээллийн тавиас дээш хувийг цаг хугацаанд нь байршуулаагүй зөрчил гаргаж, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн 10 сумын Засаг дарга болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хүүхдийн театр, аймгийн музейн даргын  нэг сарын цалинг 20 хувиар бууруулж, 50 буюу түүнээс дээш хувийг байршуулсан ч бүрэн бус, цаг хугацаа хоцроосон 5 сумын Засаг дарга болон  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Боловсрол, соёлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Номын сан, Эрүүл мэндийн газрын даргад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Цаашид төсвийн нээлттэй ил тод байдлыг хангах ажлыг эрчимжүүлж, дахин зөрчил дутагдал гаргахгүй ажиллахыг тэдэнд үүрэг болгожээ.

Дээрхи захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, аймгийн хэмжээнд төсөв, санхүүгийн ил тод байдал, Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахад төсвийн байгууллагуудыг арга зүйн зөвлөмж  удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Санхүүгийн хяналт, дотоод, аудитын албанд даалгасан байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ