Д.Трампын 10 настай хүүгээр "оролдсон" телевизийн найруулагч ажлаасаа халагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-01-26 13:54:48

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд  Трампын 10 настай хүү  Бэрроны тухай твиттер хуудсандаа доромжилсон утгатай зүйл бичсэн Америкийн NBC телевизийн Saturday Night Live“ шоуны найруулагч ажлаасаа халагджээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт твиттер хуудсандаа “Бэррон Америкийн сургуулийн "шилдэг мэргэн буудагч" болно” гэж жиргэсэн найруулагч Кэти Рич даваа гарагт ажлаасаа халагдсан тухай эх сурвалж мэдээллээ.

Энэ жиргээг устгаж, Ричийн твиттер хаяг шинэчлэгдсэн байна. “Saturday Night Live” шоуны өнгөрсөн долоо хоногийн дугаарыг хийсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтад түүний нэр байхгүй байна. Харин Бэрроны талаар хошигнол бичсэнийхээ төлөө уучлалт гуйсан пост л түүний твиттер хуудсанд үлджээ.

Рич даваа гарагийн өдөр “би твиттерт бичсэн зүйлийнхээ төлөө чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би байж боломгүй, болчимгүй үйлдэл хийжээ. Намайг уучлаарай” гэж бичжээ.

Вашингтон хотноо болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр телевизүүд Бэррон Трампыг олонтоо харуулж байсан юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүүгээр "оролдож" байгаа нь олны дургүйцлийг ихэд хүргэж байна. Д.Трампын өрсөлдөгч болох Хиллари Клинтоны охин Челси Клинтон ч энэ хүүг өмөөрч, түүнийг тайван байлгахыг хүсчээ.

Челси Клинтон фэйсбүүкт хуудсандаа “Бэррон Трампт хүүхдээрээ байх боломжийг олго” гэж бичсэнийг 100 мянга гаруй хүн дэмжсэн байна.

Бэррон бол Ерөнхийлөгч Жон Кеннедигийн үеэс хойш Цагаан ордонд ирсэн анхны эрэгтэй хүүхэд юм. Гэхдээ тэрбээр энэ оныг Нью-Йоркт сургуульдаа явж өнгөрүүлэх ажээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр “Saturday Night Live” шоу нэвтрүүлгийнхэн Д.Трампыг олон удаа шүүмжилж байсан юм. Харин Д.Трампын гэр бүлийнхэнтэй холбоотой хошигнол олны дургүйцлийг хүргэсэн анхны тохиолдол нь энэ болж байна.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ