Өндөр-Улаан сумын ааруул ашигтай загварын гэрчилгээтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-24 17:10:50

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн уламжлалт цагаан идээ хийх арга нь Монгол улсын ашигтай загварын гэрчилгээтэй болсон байдаг. Энэ нь тавгийн идээ засах зориулалттай түүхий сүүний бяслагтай ааруул хийх арга юм.

Тус сумын ЗДТГ-аас санаачлан тавгийн идээний иж бүрдэлд зориулсан хайрцгийг хийлгэж, иргэддээ худалддаг байна. Нийслэл болон аймагт болдог үзэсгэлэн худалдаанд оролцдог иргэд нь ааруулаа энэ хайрцганд хийж зардаг болжээ.

Өөр сумын болон гадны иргэдэд хайрцгийг зардаггүй юм байна. Энэ хайрцганд хийсэн идээ бол Өндөр-Улааны экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Монгол Улсын Оюуны өмчийн газраас Тавгийн идээ засах зориулалттай түүхий сүүний бяслагтай ааруул хийх аргыг ашигтай загвараар баталж, зохиогч Д.Эрдэнэбат, С.Жаргалбаяр, Т.Дэлгэрмөнх нарын өмчлөх онцгой эрхийг хүлээн зөвшөөрч, Өндөр-Улаан сумын ЗДТГ-т энэхүү ашигтай загварын гэрчилгээг 2015 оны 04-р сарын 25-нд олгожээ.

О.Амарзаяа

Холбоотой мэдээ