Аялал жуулчлалыг дагасан мөнгөний урсгал орон нутагт үлддэггүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ“Бүс нутгийг брэнд болгон хөгжүүлэх боломж” хэлэлцүүлэг боллоо. Архангай аймгийн аялал жуулчлал хөгжсөн бүс нутгийн хувьд цогц брэндийг хөгжүүлэх боломж байгаа юм. Ингэхийн тулд стратеги төлөвлөгөө гаргах нь чухал гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байна.
2016 оны 12-р сараас эхэлсэн “Чадваржсан иргэд-тогтворжсон амьжиргаа” төсөл хэрэгжиж байгаа Эрдэнэбулган, Өгийнуур, Цэнхэр, Хотонт, Хашаат сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар болон эдгээр суманд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд, бизнес эрхлэгчид энэ хэлэлцүүлэгт оролцлоо.
Тэд аймгийн хэмжээнд бүс нутгийн брэндийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг төр, төрийн бус байгууллага, хоршоод, аялал жуулчлалын холбоо, бизнес эрхлэгдийн төлөөллийг оролцуулан байгуулахаар болов. Цаашлаад төлөвлөгөө боловсруулахдаа эрдэмтэн судлаачид, маркетингийн мэргэжилтнүүдийг оролцуулж, цогц арга хэмжээ зохион байгуулахаар болсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын Хоршооны сургалт мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Мягмар-Очир, Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн нэг дутагдал нь зөвхөн нэг бүтээгдэхүүн хийчихээд зарагдана гээд хүлээдэг. Гэвч тэр болгон амжилтад хүрч чадахгүй байгаа юм. Хийсэн бүтээгдэхүүнээ цогцоор нь хөгжүүлэх маркетинг байж байж брэнд болгох хэрэгтэй. Үүний тулд сурталчилгаагаа сайн хийх, харахад анхаарал татахуйц байх зэрэг цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Үүнийг дэмжих, цогцоор нь хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулахад төслийн зорилго чиглэнэ гэлээ.
Архангай аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь аялал жуулчлал байдаг. Харин аялал жуулчлалыг дагасан мөнгөний урсгал аймаг, орон нутагт үлддэггүй. Тухайлбал аймагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд Улаанбаатарт харьяалагддаг. Тийшээ татвараа төлдөг. Харин орон нутагт жуулчдад морио унуулсан юмуу, тэднийг гэртээ оруулсан малчинд цөөхөн хэдэн төгрөг л үлддэг. Тэгвэл аялал жуулчлалын мөнгөний урсгалыг орон нутагт нь төвлөрүүлэхэд ч энэ төсөл хувь нэмрээ оруулах зорилготой юм байна.
“Чадваржсан иргэд-тогтворжсон амьжиргаа” төсөл Европын холбоо, Чехийн хөгжлийн агентлагаас санхүүжигдэж байгаа юм. Төсөл Архангай, Өвөрхангай аймгуудад 2016-2019 оны хооронд 3 жил хэрэгжих юм байна. Хоршоод, бичил, жижиг бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, тэдгээрийн хөгжлийг дэмжих замаар орлого ашгийг нь нэмэгдүүлэх зорилготой энэ төслийг Архангай аймагт ‘’People in need’’ ОУТББ, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв, Мэдлэгийн сүлжээ ТББ-ууд хамтран хэрэгжүүлэх юм.
О.Амарзаяа